Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын “Олон туйлт” дэлхийн шинэ дэг журмын сорилт” нийтлэлийг хүргэж байна.
ЗХУ болон социализм системийнхээ хувьд задран унаснаар социализм, капитализмтэй хийсэн түүхэн уралдаанд ялагдал хүлээж, хүйтэн дайн төгсгөл болов. Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинжтэй болж байгаад Орос, лалын ертөнц ихээхэн эгдүүцэн дургүйцэж байгаа тухай судлаачид, улс төрийн тоймчид онцлон тэмдэглэж байв. Үүнийг Хятад улс ганцаараа жанжлах гэсэн эрмэлзлэл гэж ч шүүмжлэх болсон юм. Харин ийнхүү дурьдаж байгаа нь хүйтэн дайн дууссаны дараа үүсэн бүрэлдсэн олон талт бүтцийн үүргийг бодитой үнэлэх үндсэн дээр дэлхийд зохистой шинэ дэг журам тогтоох хэрэгт АНУ зонхилох үүрэг гүйцэтгэж эхэлснийг үгүйсгэж үл болно. Ямар ч тохиолдолд даяаршлын эрин үед өрнө, дорно, лалын соёл иргэншлүүд тэвчээртэй байж, бие биеэ хүндэтгэн, энхтайвнаар зэрэгцэн орших нөхцөл дор л худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын харилцаагаа өргөн дэлгэр хөгжүүлж, илүү аюулгүй олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны шинэ дэг журмыг тогтоох боломжтой.
Дэлхийн II дайны дууссаны дараа ЗХУ, АНУ тэргүүлсэн социализм, капитализм гэсэн хоёр туйлт (bipolarity) олон улсын харилцааны дэг журам тогтсон бөгөөд үүнийг хүйтэн дайны үе хэмээн нэрлэж байсан бөгөөд 1990-ээд оны эхээр бүрэн төгсгөл болсон юм.
1990-ээд оны үе бол олон улсын харилцааны нэг туйлт (unipolarity) дэг журам буюу АНУ-ын оройлол онцгойрч байсан үе билээ. Нөгөө талд хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай зааж сургаж байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой “олон улсын харилцааны нэг туйлт дэг журам” төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн, санхүү эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн билээ. Тийнхүү “олон туйлт” дэлхийн шинэ дэг журмын үзэл санаа анхлан 1997 оны дөрөвдүгээр 23-нд Москвад нарын гарын үсэг зурсан “Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай” Орос-Хятадын Хамтарсан Тунхаглалд тусгалаа олсон юм.
Тунхаглалд: «Талууд түншлэлийн харилцааны үзэл санааг гол болгон олон улсын шинэ дэг журмыг төлөвшүүлэх, олон туйлт ертөнцийн хөгжлийг урагшлуулахын төлөө хүчин чармайлт гаргах болно. “Хүйтэн дайн” төгсөв. Хоёр туйлт тогтолцоо задрав. Олон туйлт ертөнц үүсэн төлөвших нааштай хандлага эрчимтэй хөгжиж, томоохон улсууд, түүний дотор “хүйтэн дайн”-ы үед дайсагналцаж байсан улс хоорондын харилцаа өөрчлөгдсөөр байна…Энхтайван, тогтвортой, шударга бөгөөд үр ашигтай олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэг журмыг байгуулах нь эрин үеийн тулгамдсан шаардлага, түүхийн хөгжлийн зайлшгүй хүчин зүйл мөн…Улс орон бүр өөр өөрийн тодорхой нөхцлөөс хамааран бусад улсын оролцоогүйгээр хөгжлийнхөө замыг бие даан сонгон авах эрхтэй. Нийгмийн байгуулал, үзэл суртал, үнэт зүйлсийн тогтолцооны ялгаа нь улс хооронд хэвийн харилцаа хөгжүүлэхэд саад болох учиргүй. Том жижиг, хүчирхэг буурай, эсвэл баян ядуу гэлтгүй улс орон бүр олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн мөн. Ямар ч нөхцөлд ноёрхохыг эрмэлзэж хүчээр түрээ барьсан бодлого явуулах, олон улсын хэрэгт дарангуйлан оролцож болохгүй…Талууд аюулгүй байдлын бүх нийтийн ач холбогдол бүхий шинэ үзэл баримтлалыг тогтоохын төлөө байна. Бид “хүйтэн дайн”-ы сэтгэхүйг таягдан хаях ёстой гэж үзэн бүлэглэлийн бодлогыг эсэргүүцэж байна. Олон улсын шинэ дэг журмыг тогтоон бэхжүүлэхэд НҮБ чухал үүрэгтэй…Олон улсын эрхзүйн зарчмыг чанад сахиж, гуравдагч этгээд рүү үл чиглэсэн шинэ маягийн урт хугацааны харилцааг тогтооно гэдгээ нотолж байна. Энэ нь олон улсын шинэ дэг журам төлөвшихөд чухал практик туршлага болно» гэжээ.
2002 оны арванхоёрдугаар сарын 1-нд Бээжинд гарын үсэг зурсан “ОХУ, БНХАУ-ын Хамтарсан Тунхаглал”-д: “ШХАБ нь өнөөгийн бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин зүйл болсон төдийгүй, ирээдүйн олон туйлт тогтолцооны тулгуур баганын нэг болно” гэж онцолсон юм.
2003 оны тавдугаар сарын 26-нд Москвад гарын үсэг зурсан “ОХУ, БНХАУ-ын Хамтарсан Тунхаглал”-д «Аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн хүчин зүйлүүд сүлжилдэн давхцаж, хүчний логик ба нэг талыг баримталсан бодлого нь тэртэй тэргүй тайван бус байгаа ертөнцийг тогтворгүйжүүлэх шинэ хүчин зүйлийг буй болгож байна. Олон улсын терроризм нь даяаршсан занал, нийтлэг гамшиг боллоо. Хятад, Орос хоёр олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад тулгуурласан олон туйлт, шударга, ардчилсан ертөнцийг байгуулах, янз бүрийн улс орны зүй зохистой, бүтээлч ажиллагаа, харилцан зэрэгцэн оршихын төлөө байна» гэсэн байна. Дээрх үзэл санаа ШХАБ, БРИКС, ЕАЭЗХ-ны орнуудын дээд түвшний уулзалтын эрхзүйн баримт бичгүүдэд тусгалаа олсоор ирэв.
1996 оны нэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайдад шинээр томилогдсон Е.М.Примаков атлантизмыг баримталсан А.Козыревын гадаад бодлогын нэг талыг барьсан чиг шугамыг өөрчилж, олон тулгуурт гадаад бодлогын шинэ зарчмыг тунхаглаж, ОХУ, Хятад, Энэтхэгтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолж, энэ нь өнөөгийн ШХАБ, БРИКС-ийн үндэс суурь болов. Үүнийг л «Примаковын номлол» хэмээн нэрлэж байгаа юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хожим тэмдэглэсэн юм. Е.М.Примаковыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх цаг дор дээрх Тунхаглалд Орос, Хятадын удирдагчид Борис Ельцин, Зян Зэминь нар гарын үсэг зуржээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны аравдугаар сард “Дэлхийн дэг журам: Шинэ зүй зохицол уу? эсвэл дүрэмгүй тоглоом уу?” сэдвийн дор зохиогдсон “Валдай” олон улсын мэтгэлцээний клубын төгсгөлийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ: АНУ-ыг хүйтэн дайны дараа дэлхий дахинд нэгэнт тогтсон дэг журмыг эвдсэнд буруутгаж, дэлхий ертөнцийг зохион байгуулах шинэ тогтолцоог буй болгохгүй бол бүхэлдээ анархи, эмх замбараагүй байдалд орж болзошгүйг сануулж, Орос, АНУ хоёр болсон үйл явдлыг хамтран дүгнэж, Хятад зэрэг томоохон эдийн засагтай бусад орнуудтой хамтран олон туйлт ертөнцийн үзэл баримтлалын дагуу дэлхийг удирдах нэгдсэн шинэ дэг тогтолцоог цоглоон бүтээхийг уриалсан юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров 2016 оны дөрөвдүгээр сард Монголд айлчилж, хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Тэрбээр ГХЯ-нд хийсэн уулзалтан дээр тэмдэглэхдээ: «Дэлхий ертөнц өнөөдөр түүхэн шинэ эрин үед шилжин орох шатандаа ирээд байна. Энэ бол бидний хийж буй ул суурьтай дүгнэлт юм. Өнөөдөр олон улсын харилцааны олон төвт бүтэц бий болж байна. Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлууд нь нэг туйлт ертөнц бий болгох оролдлого хийгээд дэлхий дахинд ганцаар давамгайлах хүсэл эрмэлзэл нь төөрөгдөлд хүргэдэг болохыг харуулж байна. Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн аль ч улс орон, хамгийн хүчирхэг нь байлаа ч тэр, хэсэг бүлэг орнууд байгаад ч тэр орчин цагийн тулгамдсан асуудлуудыг дангаараа үр дүнтэйгээр шийдвэрлэх гэж оролдоод ч нэмэргүй нь илт болжээ. Ийм нөхцөл байдал үүссэн үед бүгдэд тулгарч буй асар том сорилт хийгээд аюул заналд оновчтой хариу барих үүднээс дэлхийн тавцан дахь үндсэн гол тоглогчдын жинхэнэ бодитой түншлэлд тулгуурлан үндэсний эрх ашиг болон хамтын дипломат үйл ажиллагааны хоорондох ухаалаг тэнцвэрийг эрж хайх нь чухал боллоо» гэжээ.
2020 оны есдүгээр сард Москва хотноо зохиогдсон ШХАБ-ын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад Ван Ий үг хэлэхдээ: Энэ жил НҮБ үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү олон улсын байгууллагад үндэслэн дэлхийн дэг журмыг сахиулах нь бүх улс орны нэгдмэл байр суурь юм… “Харамсалтай нь дэлхийн том гүрэн болсон АНУ өөрсдийгөө хамгийн чухал гэж үзэх “Америк бүхнээс түрүүнд” бодлогоо тууштай баримталсаар байна. Тэд дангаарших чиг шугамыг (unilateralism) баримталж, гэрээнүүдээсээ гарч, зүйл заалтуудыг нь зөрчиж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа татгалзаад зогсохгүй бусад улс орны үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах янз бүрийн үндэслэлүүдийг бий болгох арга замыг эрэлхийлж байна. АНУ дэлхийн нийтийн дэг журмыг хамгийн гол эвдэгч нь болжээ” хэмээн цохон тэмдэглэв. ШХАБ олон талт зарчмыг дэмжиж, НҮБ-д суурилсан олон улсын эрхзүйн тогтолцоогоо хамгаалах ёстой гэдгийг Ван Ий тэрбээр цохон дурджээ. Олон улсын харилцааг ардчилах нэрийн дор нэг талыг барьсан “хүчээр түрээ барих “ширэнгийн хууль”-д (the law of the jungle) дэлхий дахиныг татан оруулах харгис хүчний бодлогыг ШХАБ тууштай сөрөн зогсох ёстой” хэмээн тэрбээр хэлсэн юм.
2025 оны наймдугаар сард Тяньжин хотноо зохиогдсон ШХАБ-ын 25 дахь удаагийн дээд түвшний уулзалтаар 2026–2035 оны ШХАБ-ын Хөгжлийн стратеги ба Тяньжины Тунхаглал гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан нь байгууллагын ирэх 10 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгов. ШХАБ-ын энэ удаагийн уулзалтаар тус байгууллагын “ажиглагч” болон “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусыг нэгтэж “түнш” гэсэн статустай болгох улс төрийн шийдвэр гаргаж, Лаос улсыг анхны “түнш”-ээр элсүүлэв. Гэхдээ эдүгээ ШХАБ-ын гишүүн орнууд хамгийн том сорилттой тулгарч буйг энд задлан шинжилж хэлэх шаардлагагүй.
2022 оны тавдугаар сарын 21-нд гаргасан ОХУ-ын ГХЯ-наас гаргасан Мэдэгдэлд: “Оросын эсрэг хориг арга хэмжээ нь албадлагын шинж чанартай бөгөөд бидний эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа нь дэлхийн бусад орнуудад неоколоничлолын “дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” тогтоохыг оролдож буй Америкийн эрх баригч дэглэмийн бодлогыг хязгаарлах, зан авирыг хүчээр өөрчлөх, геополитикийн шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой” гэж онцолжээ.
БРИКС нь аанлай л олон талт дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлж буй бүтцийн нэг институци юм.
Шинжээчид Бразил, ӨАБНУ-ын эдийн засаг, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад өр, зээлийн хүндрэлтэй тулгарч, ОХУ Өрнөдийн эдийн засгийн хоригт орж, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлснээр БРИКС-ийн үүрэг, жин нөлөө бүдгэрч байна гэж үзэх болсон билээ.
2023 оны наймдугаар сард ӨАБНУ-ын Йоханнесбургт зохиогдсон БРИКС-ийн дээд түвшний уулзалтаар Аргентин, АБНЭУ, Египет, Иран, Саудын Араб, Этиоп улсууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс БРИКС-д жинхэнэ гишүүнээр элсэхээр болсон ч либеритар үзэлт Хавьер Милей сонгуульд ялснаар Аргентин улс тус байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж, Саудын Араб гишүүнчлэлээ хойшлуулав. ДНБ нь хамгийн хурдацтай өсч буй хэмээн үзэж байсан БРИКС дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэгд бичигдсэн Этиопыг элсүүлсэн нь тус байгууллага эдийн засаг гэхээсээ илүүтэй үзэл сурталын шинжтэй байгууллага болохыг харуулав.
2024 оны аравдугаар сард ОХУ-ын Казань хотноо болсон дээд түвшний уулзалт Орос-Украины дайнаас хойш анх удаа тус улсад зохион байгуулагдсанаараа онцлогтой байсан бөгөөд В.Путин ОХУ-ыг олон улсын тавцанд ганцаардаагүй гэдгийг харуулах зорилготой байв. “Олон туйлт” дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлж буй нэг бүтэц нь Монгол Улсын хойд талд өрнөж буй Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны интеграци юм.
2015 оны зургаадугаар сард Монгол Улс Евразийн эдийн засгийн комисстой «Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг»-т гарын үсэг зурж, 2025 оны зургаадугаар сард Минскт болсон тус холбооны дээд түвшний уулзалтын үеэр Чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурж, өнгөрсөн оны арванхоёхдугаар сард УИХ ЧХтүрХ-ийг соёрхон батлав.
Бид нэгд, Өрнөдийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ-ын Алс Дорнодын бодлого, ялангуяа БНХАУ-ыг чиглэсэн бодлого идэвхижсэн нь Монгол Улсын геополитикийн ач холбогдлыг мэдэгдэхүйц өсгөв. Бид үүнийг дорвитой ашиглах боломж бүрдээд байна. Хоёрт, Орос-Хятадын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн баттай түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин сайн байна гэсэн үг.
БНХАУ Хятад, Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй гэдгийг дээд түвшинд байнга тэмдэглэдэг нь бидний хувь нэн чухал ач холбогдолтой. Бид олон улсын харилцааны олон талт дэлхийн шинэ дэг журамд дасан зохицож, урагш алхах шаардлагатай. ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны “олон туйлт” төв төлөвших хандлагатай байгаа нь хүйтэн дайн дууссанаас хойш тогтсоор ирсэн олон улсын дэг тогтолцоо, аюулгүй байдлын системд ноцтой нөлөө үзүүлж эхлэв хэмээн өрнөдийн судлаачид үзсээр ирсэн юм. Их гүрнүүдийн харилцаанд геополитикийн ашиг сонирхлын зөрчил ноцтой хурцдаж, эдийн засгийн хориг арга хэмжээ өргөжиж, цаашлаад ОХУ Украинд түрэмгийлэл үйлдснээр хүйтэн дайн дууссаны дараах үе нэг мөр төгсгөл болж, шинэ хүйтэн дайны үе хэдийн эхэлснийг НҮБ-ын Ерөнхий Ассаблей 2022 оноос хойш нийт 9 удаа санал хураалт явуулж, тогтоолын төсөл батлаад байна.
Хэдийгээр их гүрнүүдийн цэргийн зардал нэмэгдэж байгаа ч энэ нь дайн гарах гол үндэслэл биш, харин аюулгүй байдлаа баталгаажуулж буй хэрэг, их гүрний байр суурь, сүр хүчээ харуулж буй хэрэг, хүчний дахин тэнцвэржүүлэлт, хүчний шинэ шилжилтийн илрэл, мөн орлогын чухал эх сурвалж хэмээн үзэх болжээ. Эдүгээ Монгол Улс“олон туйлт” дэлхийн шинэ дэг журам төлөвших хандлагын татах хүчний яг төвд нь оршиж байна гэж үзэж болохоор байна. Гэхдээ “олон туйлт” дэлхийн шинэ дэг журам”-ын мөн чанар нь аль нэг их гүрэн нийт хүн төрөлхтний хувь заяг дангаараа дур мэдэн шийдэхгүй, харин АНУ, ЕХ, Орос, Хятад, Энэтхэг, Турк, Япон, БНСУ болон НҮБ, ЕХ- зэрэг нөлөө бүхий улс гүрэн, дэлхийн хамтын нийгэмлэг, холбоог оролцуулан өргөн утгаар нь авч үзэх нь зүй. “Олон туйлт” дэлхийн шинэ дэг журам төлөвших үйл явцад хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах бодлого, гурвалсан хөршийн бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогын хооронд хүчний тэнцвэр, эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд барих явдал чухал болсоор байгаа болно.
Хүйтэн дайн дууссаны дараа Монгол Улсын гадаад харилцаанд гарсан чанарын нэг өөрчлөлт бол үндэсний эрх ашгийг дээдлэсэн, энхийг эрхэмлсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад явуулж байгаа явдал билээ.
Монгол Улсын хоёр хөрш, «гуравдагч хөрш»-үүдийн хооронд геополитикийн сөргөлдөөн гүнзгийрч, эдийн засгийн хориг арга хэмжээ өргөжиж, газар нутгийн маргаан үргэлжилсээр байна. Хувьсан өөрчлөгдсөөр буй сорилтод амжилттай, тогтвортой хариу барих арга барилаа олж чадах, өөрчлөлтөд бэлэн байх, дасан зохицох төдийгүй, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гаргах, өөрчлөлт хийх чадавхитай байх явдал шийдвэрлэгч нөлөөтэй.
АНУ-ын хувьд хүчээр түрээ барих, нөхөрсөг дарамт үзүүлэх, бүхний түрүүнд Америк гэсэн бодлого хэрэгжснээс хойш нэг жил өнгөрч байна. Улс орнууд чухамхүү энэхүү геополитикт дасан зохицож, өөрсдийн бодлогодоо update хийж эхэлсэн.
Бид байгаль, нийгмийн шинжлэх ухааны солбилцол дээр, салбар дундын зааг дээр олон улсын харилцаа, геополитикийн нарийн түвэгтэй үйл явцад тасралтгүй судалгаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж байх шаардлагатай. Олон улсын харилцаа бол физикийн entropy төлөв байдал буюу эмх замбараагүй анархи төлөв байдал юм. Олон улсын харилцааны аливаа юмс үзэгдэл, үйл явдал геополитикийн оронзай, цаг хугацаа, таталцлын хүчний орчны гадна оршин байна гэсэн ойлголт байхгүй. Олон улсын харилцаа гэдэг нь геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний нөлөөгөөр улс хооронд буй болсон “харилцан үйлчлэл” буюу interaction юм. Тиймээс хэн жин дарж байна, тэр чанга дуугарах боломжтой гэсэн үг юм.
“Туйл” буюу “polarity” гэдэг нь физикийн шинжлэх ухаанд эерэг, сөрөг цахилгаан цэнэгийн хуваагдал юм. Энэ утгаараа эсрэг тэсрэг талуудыг нэг багцад оруулан “олон туйлт дэлхийн шинэ дэг журам” буюу “new multi-polar world”-ыг цогцлоох боломжгүй юм. Яагаад гэвэл тэдгээр нь хоорондоо байнга зөрчилдөж байх учраас эвлрэх, хоорондоо тохиролцох ямар ч боломжгүй гэсэн үг ажгуу. Харин голлох нөлөө бүхий гүрнүүд, холбоодын тэгш оролцоог хангаж, олон улсын харилцааны “олон талт тогтолцоо” буюу “multilateralism”-ыг цогцлоох үндсэн дээр дэлхийн шинэ дэг журмыг илбэн тохинуулах боломжтой ажээ.
АНУ Венесуэлийн удирдагч Николас Мадуро хар тамхины картелиудын толгойлогч, Америкийн иргэдийн эсрэг нарко террорист ажиллагаа явуулж буй гол этгээд хэмээн үзэж тусгай ажиллагааны үд дүн түүнийг баривчилсан, Иран дахь цэрэг дайны ажиллагаа нь Ираныг цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө эрчимтэй идэвхжүүүлсэн, АНУ-ын гол холбоотон Израилийг газрын хөрснөөс арчиж хаях бодлого, террорист зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлж, бүх талаар өдөөн турхиж байсан явдал юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио өнгөрсөн хоёрдугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын 62 дахь удаагийн бага хуралд оролцож үг хэлэхдээ: Хүйтэн дайнд ялсан ч энэхүү ялалтын хөөр баяр биднийг аюултай төөрөгдөлд хүргэсэн. Бид “түүхийн төгсгөл”-д хүрсэн гэж үзэх болсон, бүх улс орон либерал ардчилсан тогтолцоонд шилжинэ гэж итгэсэн, худалдаа, эдийн засгийн харилцаанаас бүрэлдсэн холбоосууд үндэстний ухамсрыг орлоно гэж найдсан, “дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” (хэт их хэрэглэгддэг нэр томъёо) үндэсний ашиг сонирхлыг орлоно гэж төсөөлсөн, улмаар хил хязгааргүй, хүн бүр “дэлхийн иргэн” болсон ертөнцөд амьдарна гэж итгэсэн юм. Энэ бол хүний мөн чанарыг ч, бичмэл түүхийн 5,000 гаруй жилийн сургамжийг ч үл тоомсорлосон мунхаг санаа байсан. Мөн энэ нь бидэнд асар их үнээр туссан…Эцэст нь хэлэхэд, бид ард түмэн болон үндэстнүүдийнхээ амин чухал ашиг сонирхлоос дээгүүр “глобал дэг журам” хэмээх ойлголтыг тавьсаар байж болохгүй. Бид өөрсдийн байгуулсан олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог орхих шаардлагагүй. Мөн бид хамтдаа босгосон хуучин дэг журмын дэлхийн институцуудыг нураах шаардлагагүй. Гэхдээ тэдгээрийг шинэчлэх ёстой. Тэдгээрийг дахин бүтээн байгуулах ёстой. Жишээлбэл, НҮБ дэлхий дахинд сайн сайхны төлөөх хэрэгсэл байх асар их боломжтой хэвээр байна. Гэвч өнөөдөр тулгамдаж буй хамгийн ноцтой асуудлууд дээр ямар ч бодит шийдэлгүй, бараг ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байгааг бид үл тоомсорлож болохгүй” гэсэн байна.
Их гүрнүүд болон хөрш орнуудын хооронд цэргийн итгэлцлийг сэргээн бэхжүүлж, тогтвортой түншлэлийн тэнцвэртэй харилцааг цогцлоох нь зайлшгүй шаардлага мөн. Өрсөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулах, цаашид сөргөлдөөн мөргөлдөөн болон даамжрахаас урдчилан сэргийлэхийн тулд улс гүрнүүд, түүний удирдагчид хүлээх үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлах явдал чухал болсоор байна
Олон улсын харилцаанд түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, дэлхийн хэмжээний даяар, нийт хүн төрөлхтөнд нийтлэг нүүрлэж буй аюул, сорилт, өөрчлөлтүүдийг шийдвэрлэх, даван туулахад оролцоогоо илүү идэвхжүүлэх явдал чухал болсоор байна.