Колумбын агаарын хүчний “Lockheed Martin Hercules C-130” онгоц осолдож, 125 хүнээс дор хаяж 34 нь амиа алджээ. Тус онгоц Колумбын өмнөд хэсгийн Амазон мужийн гүнд Перутай хиллэдэг Пуэрто Легуизамо хотоос хөөрсөн боловч хөөрөөд удалгүй осолдсон байна. Колумбын агаарын хүчний мэдээлснээр онгоцонд байсан хүмүүсийн 11 нь агаарын хүчний гишүүн, 114 нь цэрэг байжээ.
Пуэрто Легуизамо хотод онцгой байдлын цар хүрээнээс болж эмнэлгийн ачаалал ихэссэн учир бэртэж, гэмтсэн хүмүүсийг шилжүүлэхэд үндэсний болон яамны засгийн газруудаас яаралтай дэмжлэг хүсч байна.
Колумбын ерөнхийлөгч Густаво Петро уг ослыг хэзээ ч болох учиргүй байсан аймшигтай осол гэж хэлжээ. Мөн “Армийн флотын шинэчлэлтийг хэдэн жилийн өмнөөс хийхээр зорьсон. Гэвч хүнд суртлаас болоод энэ ажилд саад учрах болсон. Иргэний болон цэргийн захиргааны албан тушаалтнууд шаардлага биелүүлж чадахгүй бол албан тушаалаасаа огцрох ёстой” гэж цахим сүлжээн дэх нийтлэлдээ бичжээ.
Дашрамд дурдахад, Колумбын ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын сүүлээр болно. Сонгуулийн гол нэр дэвшигчид болсон явдалд эмгэнэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ сайтар мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байна.
Тухайн үед онгоц нисч болохооргүй цаг агаарын таагүй байдал тохиолдоогүй, мөн нисгэгчид ч бүрэн туршлагатай байсан гэдгийг Батлан хамгаалахын сайд Педро Санчес онцолжээ. Үүний зэрэгцээ Колумбын засгийн газрын толгойны өвчин болсон зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагатай ч энэ осол хамаагүй гэдгийг мэдэгдсэн байна.
“Hercules C-130” онгоцыг үйлдвэрлэгч АНУ-ын “Lockheed Martin” компани осолтой холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна. Ердөө өнгөрсөн сард Боливийн агаарын хүчинд харьяалагддаг “Hercules C-130” онгоц осолдсон хэрэг мөн гарсан билээ. Тус онгоц хүн ам ихтэй Эль Алто хотод осолдож, 20 гаруй хүний амь эрсэдсэн юм.