АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтнууд тус улсын томоохон нисэх буудлуудад ажиллаж байна. Учир нь засгийн газрын “тэг зогсолттой” холбоотойгоор цалингүй болсон хэдэн мянган аюулгүй байдлыг ажилтан ажилдаа ирэхээс татгалзаж байгаа юм. Тээврийн аюулгүй байдлын албаны (TSA) ажилтнууд засгийн газрын хэсэгчилсэн хаалтын улмаас хоёрдугаар сарын 14-нөөс хойш цалингаа аваагүй байна. Үүнээс болж тэд ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд энэ нь нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгүүдэд асар их дарааллыг үүсгэжээ. Ням гаргийн (2026.03.22) байдлаар л гэхэд “TSA”-ийн 3400 гаруй ажилтан ажлаасаа гарсан байна.
Тэгвэл Даваа гаригаас эхлэн Нью-Йорк, Атланта, Хьюстон зэрэг хотын 14 нисэх буудалд “ICE”-ийн ажилтнуудыг байршуулж эхэлснийг холбооны засгийн газраас мэдэгдэж байна.
Мөн “ICE”-ийн ажилтнууд “JFK”болон Атлантагийн томоохон нисэх буудлуудад ажиллаж байгааг баталсан зураг, видео бичлэг нийтэлжээ. Гэхдээ “ICE”-ийн ажилтнууд нүүрээ халхлаагүй байсан. Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп нисэх буудал дээр нүүрээ халхлах нь тохиромжгүй харагдана гэж үзсэн байна. Зарим нисэх буудалд ажилчдын хомсдол их байсан. Жишээлбэл, Нью-Орлеанс болон Атлантад “TSA” ажилтнуудын 40 гаруй хувь нь ажилдаа ирээгүй. Үүнтэй төстэй байдал Хьюстон, Балтиморын нисэх буудлуудад ч ажиглагдсан. Зорчигчдод шалган нэвтрүүлэх дээр саатал ихтэй байгаа тул нислэгээсээ 3–4 цагийн өмнө ирэхийг албаныхан уриалж эхэлжээ. Зарим хүмүүс мөн нислэгээ хоцроохгүйн тулд нисэх буудал дээр хонох тохиолдол ч гарсан байна.
Нисэхийн удирдлагууд энэ нөхцөл байдал ноцтой бөгөөд удаан хугацааны нөлөө үзүүлж магадгүй гэж анхааруулсан.
Тэд засгийн газрыг хэсэгчилсэн хаалтыг яаралтай зогсоохыг уриалж байна. Албаныхны хэлснээр, “ICE” ажилтнууд аюулгүй байдлын үндсэн бус ажил, жишээ нь хүмүүсийн урсгалыг зохицуулахад тусалж байгаа бөгөөд ингэснээр “TSA” ажилтнууд үндсэн ажилдаа төвлөрөх боломжтой болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий ч хууль бус цагаачдыг баривчилдаг ажилтнуудыг нисэх буудлын ажилд дайчлах нь тохиромжгүй гэж зарим шүүмжлэгчид үзжээ. Иргэний эрхийн байгууллагын тэргүүн Деррик Жонсон хэлэхдээ, “ICE” ажилтнууд ийм ажилд хангалттай бэлтгэгдээгүй бөгөөд хүмүүсийг ялгаварлан гадуурхах эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна.
Засгийн газрын санхүүжилтийн асуудлаар Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам тохиролцож чадахгүй байгаа тул хаалт үргэлжилсээр байна. Ардчилсан нам цагаачлалын бодлогод хязгаар тавихыг хүсэж байгаа бол Бүгд найрамдах нам эсэргүүцэж байна. Үүний улмаас “TSA” зэрэг төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй байдалд хүрчээ.