Словени улс шатахууны хязгаарлалтыг хэрэгжүүлсэн Европын холбооны анхны улс боллоо. Энэ нь Ойрхи Дорнодын хямралыг даван гарах гэсэн бодлого юм. Энэ сарын эхэнд АНУ болон Израиль улс Иранд хамтарсан цохилт өгсний дараа Тегеран Персийн булангийн орнуудад хариу арга хэмжээ авсан. Мөн Ормузын хоолой бараг хаагдсан тул олон оронд шатахууны үнэ огцом өссөн байна. Улмаар Словенийн хөрш орнуудаас жолооч нар ирж, хямд үнийн дүнтэй шатахуун авах болжээ. Ялангуяа Австрийн жолооч нар Словенид ирж шатахуун авах явдал олширсон нь “шатахууны аялал жуулчлал” гэж тодорхойлогдож байна. Тэгвэл шинээр хэрэгжих хязгаарлалтын дагуу тус улсын хувийн тэрэгтэй жолооч нар өдөрт дээд тал нь 50 литр шатахуун л худалдан авах боломжтой болж байна.
Харин бизнес эрхлэгч болон фермерүүд дээд талд нь 200 литрийг л авах аж.
Түүнчлэн зарим шатахуун борлуулагчид өөрсдийн хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Словенид шатахуун түгээх станц ажиллуулдаг Унгарын “MOL” компани л гэхэд өдөрт нэг машинд 30 литрийн хязгаар тогтоожээ. Энэ төрлийн хязгаарлалт тогтоосон нь Словенид шатахууны хомсдол үүсэж буйг илэрхийлж байна гэж зарим иргэд нь эмээж байв. Гэхдээ тус улсын ерөнхий сайд Роберт Голоб мэдэгдэл хийж “Словени улсад хангалттай хэмжээний шатахуун байгаа. Агуулах дүүрэн шатахуун байгаа тул хомстолд орно гэж айх хэрэггүй” хэмээн онцлон тэмдэглэжээ. Одоо тус улсын шатахуун түгээх станцууд шинэ хязгаарлалтыг мөрдөж, хэрэглэгчдийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү шатахуун авахгүй байхыг хянах ёстой.
Мөн гадаадаас ирсэн жолооч нарт илүү хатуу хязгаар тогтоохыг засгийн газраас уриалж байна.
Австри улсад нэг литр бензин ойролцоогоор 1.95 ам.доллар, дизель нь бараг 2.15 ам.долларт хүрч байна. Словени улсад үнэ одоогоор тогтвортой байгаа ч удахгүй нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Австрийн улс төрч Херберт Кикл Словени дахь урт дараалалд зогсож буй австрийн автомашинуудын зургийг нийтэлж, хүмүүс мөнгө хэмнэхийн тулд гадагшаа явах шаардлагатай болж байгаа нь харамсалтай гэв. Зарим словеничууд мөн шатахуун авахаар зогсож буй машинуудаас болсон түгжрэл, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаад дургүй байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, шатахууны үнийн ялгаа хэвээр байвал жолооч нар хямд шатахуун авахын тулд хил давсаар байх болно.