Бразилд шинэ био түлш туршиж эхэлжээ

Ойрхи Дорнодын мөргөлдөөн улам бүр ширүүсч байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг донсолгосон. Тиймээс энэхүү асуудлын шийдлийг олохын тулд Бразилын өмнөд хэсэгт орших нэгэн хотын захиргаа дизель түлшийг бүрэн орлох зориулалттай дотоодын шинэ био түлшийг туршиж эхэлсэн.

Тодруулбал, Рио Гранде ду Сул мужийн Пассо Фундо хот засаг захиргааны эзэмшилд байдаг тээврийн хэрэгсэлдээ шар буурцаг, амьтны гаралтай өөх тос, ашигласан хүнсний тосоор хийгдсэн шинэ түлшийг туршиж эхэлжээ.

Ердийн үед Бразилд биодизель түлшийг ердийн дизель түлштэй ойролцоогоор 15 хувь хольж, ашигладаг. Гэхдээ шинэ төрлийн түлш нь ямар ч дизель түлштэй холих шаардлагагүйгээр тээврийн хэрэгслийн түлшийг бүрэн орлож чадна гэж үзэж байна. Энэ нь мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад тусалж, түлшний зардлыг багасгахад нөлөөлөх боломжтой юм.

“Be8” нь Бразилын хамгийн том био түлшний компаниудын нэг бөгөөд 2024 оны сүүлээр Пассо Фундо хотод “BeVant” нэртэй шинэ түлш үйлдвэрлэх зөвшөөрөл авчээ.

Эхлээд жилд ойролцоогоор 28 сая литр түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. “BeVant” нь “drop-in” төрлийн түлш бөгөөд энгийн дизель хөдөлгүүрт ямар нэгэн өөрчлөлт хийхгүйгээр шууд ашиглаж болдог. Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өсөж, Бразилд дизель түлш дутагдах эрсдэл үүсээд байгаа. Улмаар Пассо Фундо хотын захирагч Педро Алмейда шинэ түлшийг найдвартай байдал бий болгож байна гэж үзэж байна. Тэрбээр био түлшийг ашиглаж эхэлснээр олон улсад үүссэн хямралыг даван туулах чадлыг өгөх болно гэж мөн онцолсон байна. Одоогийн байдлаар “BeVant”-ийн борлуулагдах үнэ тодорхойгүй байгаа ч биодизелиэс ойролцоогоор 15 хувь илүү үнэтэй, HVO (ногоон дизель)-оос хямд гэж компанийн зүгээс мэдэгдсэн байна.

“BeVant” түлш одоогийн байдлаар энгийн түлшнээс үнэтэй байгаа ч цаашид үнэ нь буурна гэж хотын захиргаа үзэж байна. Мөн ирээдүйд “BeVant”-ыг бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэлд ашиглах болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Хотын захирагч Алмейда хэлэхдээ, “Үйлдвэрлэл нэмэгдэх тусам түлшний үнэ буурч, илүү өргөн хэрэглэгдэх болно” гэжээ. Бразил улс хэрэглэж буй дизелийнхээ ойролцоогоор 25 хувийг импортолдог. Гэхдээ энэ жил тус улсын ургац хураалт сайн байх төлөвтэй байгаа тул засгийн газраас био дизелийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн