Э.Грегуар Парисын мээрийн сонгуульд ялжээ

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 23 /DW/. Социалист намын гишүүн, зүүний намуудын эвслээс нэр дэвшсэн 48 настай Эммануэль Грегуар Парис хотын шинэ даргаар сонгогдох тодорхой болсон байна. Энэ тухай Францад болсон орон нутгийн сонгуулийн II шатны санал хураалтын дүнг эш татан AFP агентлаг өчигдөр орой мэдээлжээ.

Э.Грегуар Соёлын сайд асан, консерватив баруун төвийн үзэлт “Бүгд Найрамдахчууд” намаас нэр дэвшсэн Рашида Дати-тай өрсөлдөн ялсан байна. Тэрбээр Парис хотын өмнөх дарга Энн Идальго-гийн “баруун гар” байсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, дугуйгаар зорчихыг дэмжих бодлогыг нь үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн хоосон байгаа офисуудыг орон сууц болгоно хэмээн амласан байна.

Түүнчлэн зүүний хүчний төлөөлөл болох Марсель хотын дарга Бенуа Пайан Францын хоёр дахь том хотын даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо.

Хэт барууны “Үндэсний нэгдэл” /RN/ намын дарга Жордан Барделла II шатны санал хураалтын дараа мэдэгдэхдээ, тус намын нэр дэвшигчид олон хотод ялалт байгуулсныг дурдаад “энэ бол намын түүхэн дэх хамгийн том амжилт” гэлээ.

Францын 35 мянган хот суурин газарт болсон сонгуулийн дүн эхний шатны санал хураалтаар шийдэгдсэн байна. Харин II шатны санал хураалт 1600 орчим хот сууринд болжээ.

Ташрамд дурдахад, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа Эдуард Филипп Хавр хотын даргын сонгуулийн II шатанд ялалт байгуулсан байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Э.Макрон Үндсэн хуульд оруулсан хязгаарлалтын дагуу 2027 онд болох төрийн тэргүүний сонгуульд оролцох боломжгүй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн