БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад айлчлалдаа төрийн тэргүүнд байнга зориулсан тусгай онгоц бус, “Air China” компанийн нисэх онгоцыг түр тоноглон ашигладаг.
Ши Жиньпиний 2013 оны айлчлалуудад “Boeing 747-400” онгоц ашиглаж байсан бол BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад “Boeing 747-8 Intercontinental” онгоцоор зорчжээ. Нислэгийн өмнө онгоцонд аюулгүй байдлын шалгалт хийж, бүхээгийг тусгайлан тоноглодог гэж South China Morning Post мэдээлсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Протоколын газрын үүрэг гүйцэтгэгч захирал асан Лу Пэйшиний тайлбарласнаар, байнгын тусгай онгоцгүй байх нь зардлыг хэмнэж, иргэний нисэх онгоцны ашиглалтыг нэмэгдүүлэх боломж олгодог аж.
Тусгай нислэгийн үед БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаа “Air China”-д үүрэг өгч, нисэх багийг сонгон шалгаруулан, бүхээгийн зохион байгуулалтыг өөрчилдөг. Зарим суудлыг авч, оронд нь буйдан, ор болон ажлын хэсэг байрлуулдаг байна.
Лу Пэйшиний хэлснээр, онгоцыг төрийн тэргүүний амралт, ажил, унтлагын хэсэг; сайд, өндөр албан тушаалтнуудын хэсэг; бусад албан тушаалтны хэсэг; хэвлэл мэдээлэл, ажилтнуудын хэсэг гэсэн дөрвөн бүсэд хуваадаг.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн “Air Force One” байнгын тоноглолтой. Цагаан ордны мэдээллээр уг онгоц 372 ам метр талбайтай бөгөөд ажлын болон уулзалтын өрөө, эмнэлгийн хэсэг, хоёр гал тогоо, хамгаалалттай холбооны системтэй, агаарт түлш цэнэглэх боломжтой.
Эх сурвалж: UA NEWS
