Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга урьд өмнөх бүх тэмцээнээсээ цар хүрээгээрээ хамгийн том нь боллоо. 48 баг, 104 тоглолттой шинэ формат нь зөвхөн талбай дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлээд зогсохгүй, дэлхийн хамгийн ашигтай спортын арга хэмжээний нэг болгожээ.

Талбай дээр дэлхийн шилдэг тоглогчид түүх бүтээж байгаа бол талбайн гадна хэдэн арван тэрбум ам.долларын бизнес эргэлдэв. Гэвч энэ их мөнгөн урсгалаас хүн бүр ашиг хүртсэнгүй. Зарим нь асар их ашиг олсон бол зарим нь хүлээлтээсээ хавьгүй бага орлого олж, бүр алдагдал хүлээжээ.

FIFA – ХАМГИЙН ТОМ ЯЛАГЧ

Дэлхийн аваргаас хамгийн их ашиг олдог байгууллага бол мэдээж FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо.

Катар-2022 ДАШТ-ээс FIFA түүхэн дээд хэмжээ болох 7.6 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд АНУ, Канад, Мексикт болж буй 2026 оны тэмцээн энэ амжилтыг давна гэж шинжээчид үзэж байна. Учир нь тэмцээн анх удаа 48 багийн өргөтгөсөн форматтай болж, тоглолтын тоо 64-өөс 104 болж нэмэгдсэн юм.

Deutsche Bank Research-ийн ахлах стратегич Марион Лабурегийн тооцоолсноор FIFA дөрвөн жилийн мөчлөгийн нийт орлогоо 13 тэрбум ам.долларт ойртуулах төлөвтэй байна.

FIFA-ийн орлогын гол эх үүсвэрүүд:

  • Телевизийн шууд дамжуулалтын эрх
  • Ивээн тэтгэгчдийн гэрээ
  • Лиценз, худалдааны эрх
  • Зочлох үйлчилгээ
  • Тасалбарын борлуулалт
  • Албан ёсны тасалбар дахин худалдаалах платформын шимтгэл

FIFA энэ удаа тасалбарын албан ёсны хоёрдагч зах зээлийн платформ ажиллуулж, худалдан авагч болон худалдагч талаас тус бүр 15 хувийн шимтгэл авч эхэлсэн нь орлогын шинэ эх үүсвэр болсон юм.

Цаашлаад FIFA 2030 оны ДАШТ-ийг бүр 64 багтай зохион байгуулах боломжийг судалж байгаа бөгөөд ингэснээр Хятад, Энэтхэг зэрэг том зах зээлүүд оролцох боломж нэмэгдэнэ.

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД – ХАМГИЙН ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛСАН 

Дэлхийн аваргыг газар дээр нь үзэх мөрөөдлөө биелүүлсэн ч олон хөгжөөн дэмжигч санхүүгийн хувьд хүнд сорилттой нүүр тулжээ.

Шүүмжлэл дагуулсан хамгийн том асуудал нь динамик үнэ тогтоох систем байв. Эрэлт өсөх тусам тасалбарын үнэ автоматаар нэмэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл АНУ–Парагвайн тоглолтын 1000 ам.долларын тасалбарын талаар “Би ийм үнээр тасалбар авахгүй” хэмээн хэлж байв.

Финалын тоглолтын албан ёсны VIP тасалбар 32,970 ам.доллар байсан бол хоёрдагч зах дээр зарим тасалбар 2 сая ам.доллароос дээш үнээр худалдаанд гарсан тохиолдол ч бий.

Зардал зөвхөн тасалбараар дуусаагүй.

  • Онгоцны тийз
  • Буудал
  • Хоол хүнс
  • Дотоод тээвэр бүгд огцом өссөн.

Жишээ нь Нью Жерсид байрлах финалын тоглолт болсон MetLife цэнгэлдэх хүрээлэн рүү явах 30 минутын галт тэрэгний тасалбар ердийн үед хоёр талдаа 12.9 ам.доллар байдаг байсан бол ДАШТ-ий үеэр 150 ам.доллар болж өссөн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

ТЕЛЕВИЗҮҮД БА ИВЭЭН ТЭТГЭГЧИД – АЛТАН БОЛОМЖ

Телевизүүд ДАШТ-ийг дамжуулах эрхийн төлөө хэдэн зуун сая ам.доллар төлсөн ч рекламын орлогоороо энэ хөрөнгө оруулалтаа нөхөж байна.

Fox Sports зөвхөн АНУ дахь дамжуулах эрхийн төлөө 485 сая ам.доллар төлсөн гэх мэдээлэл бий.

Энэ удаагийн ДАШТ-д шинээр нэвтрүүлсэн усны завсарлага (hydration break) хүртэл сурталчилгааны шинэ талбар болжээ.

Fox Sports эдгээр завсарлагыг “Sponsored by…” хэлбэрээр ивээн тэтгэгчтэйгээр үзүүлж байгаа бөгөөд шинжээчдийн мэдээлснээр:

  • Энгийн тоглолтын 30 секундын реклам 200–300 мянган ам.доллар
  • АНУ-ын шигшээ тоглосон тоглолтуудад 750 мянган ам.доллар хүрсэн байна.

Үүнээс гадна Adidas, Coca-Cola зэрэг албан ёсны түншүүд асар их хөрөнгө оруулалт хийж, брэндийн харагдах байдлаа дэлхий даяар нэмэгдүүлжээ.

ДЭВИД БЕКХЭМ – ТАЛБАЙН ГАДНАХ ЯЛАГЧ

Хэдийгээр Дэвид Бекхэм 10 гаруй жилийн өмнө зодог тайлсан ч АНУ дахь хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнтэй нүүр царай хэвээр байна.

Adidas-ийн шинэ сурталчилгаанд хиймэл оюунаар бүтээсэн Бекхэмийн дүр хүртэл гарсан бөгөөд Home Depot, Bank of America зэрэг олон том брэндийн рекламд оролцжээ.

Түүний хамтран эзэмшдэг Интер Майами клубын үнэлгээ өнөөдөр 1.45 тэрбум ам.доллар хүрээд байгаа бөгөөд тэр талбай дээр дэлхийн аварга болж чадаагүй ч бизнесийн талбарт жинхэнэ аварга болж чадсан юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ХОТУУД – ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ

16 хот сая сая жуулчин хүлээн авсан ч урт хугацааны эдийн засгийн ашиг хүлээлтээс доогуур байжээ.

FIFA дэлхийн эдийн засагт 41 тэрбум ам.долларын нэмүү өртөг бий болно гэж тооцоолсон бөгөөд зөвхөн АНУ-д 17 тэрбум ам.долларын өсөлт, 185 мянган ажлын байр бий болно гэсэн.

Гэвч Оксфордын их сургуулийн судлаач Александр Будзиер өөр байр суурьтай байна.

Түүний үзэж байгаагаар:

  • Олон жуулчин хэт бөөгнөрөлөөс зайлсхийж тухайн хотууд руу ирэхээ больдог.
  • Шинээр бий болсон ажлын байрны ихэнх нь бага цалинтай үйлчилгээний салбарын ажил байдаг.
  • Түр хугацааны орлого бий болдог ч урт хугацааны баялаг бүтээдэггүй.

Лондон-2012 олимпын дараах Stratford дүүргийн шинэчлэл шиг том бүтээн байгуулалт энэ удаа бараг байсангүй. Учир нь ихэнх тоглолт өмнө нь баригдсан цэнгэлдэхүүдэд болсон билээ.

СПОРТЫН БАРААНЫ ХУДАЛДААЧИД – ОРЛОГО ӨСӨВ

Дэлхийн аваргын уур амьсгал шигшээ багуудын өмсгөлийн борлуулалтыг огцом өсгөжээ. Nike-ийн мэдээллээр үндэсний шигшээ багуудын өмсгөлийн борлуулалт 2022 оны ДАШТ-ээс хоёр дахин өссөн байна.

Nike-ийн хамгийн их борлуулалттай өмсгөлүүд:

  1. Англи
  2. Франц
  3. Бразил
  4. Нидерланд
  5. АНУ

Adidas-ийн хувьд Мексикийн өмсгөл хамгийн эрэлттэй байв.

JD Sports Английн өмсгөлийн борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрснийг мэдээлсэн бол Герман, Аргентин, Бразил, Мексикийн өмсгөлүүдийн эрэлт ч эрс өсжээ.

Харин энэ бүхний зэрэгцээ хуурамч өмсгөл, бүтээгдэхүүний худалдаа мөн огцом өссөн байна.

ЗОЧИД БУУДЛУУД – ХҮЛЭЭЛТЭЭС ДООГУУР АШИГ

Тэмцээний өмнө буудлууд дүүрнэ гэсэн таамаг бодит байдал дээр биелсэнгүй.

Канадын Бритиш Колумбийн Зочид буудлын холбооны мэдээлснээр Ванкувер хот долоон тоглолт зохион байгуулсан ч зургадугаар, долоодугаар сарын захиалга нь өмнөх оноос бага байжээ.

АНУ-ын Зочид буудал, Лоджингийн холбоо FIFA-г өөрийн хэрэгцээнд хэт олон өрөө урьдчилан захиалж, зах зээл дээр хиймэл эрэлт үүсгэсэн гэж буруутгасан. Харин FIFA энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

БООЦООНЫ КОМПАНИУД – ХАМГИЙН ТОМ БИЗНЕСИЙН ӨСӨЛТ

2026 оны ДАШТ спортын бооцооны түүхэн дэх хамгийн том арга хэмжээ болох төлөвтэй байна.

Macquarie санхүүгийн байгууллагын тооцоолсноор нийт 50 тэрбум ам.долларын бооцоо тавигдсан бөгөөд энэ нь нэг тоглолт тутамд дунджаар 500 сая ам.доллар гэсэн үг юм.

Flutter Entertainment (Paddy Power, Betfair, Sky Bet-ийн эзэмшигч)-ийн мэдээлснээр АНУ болон Бразилын зах зээлийн өсөлтийн ачаар нийт бооцооны хэмжээ 2022 оны ДАШТ-ээс хоёр дахин өсөх төлөвтэй байна.

Өмнө нь хүмүүс тоглолт эхлэхээс өмнө бооцоо тавьдаг байсан бол өнөөдөр амьд бооцоо (in-play betting) давамгайлж, тоглолтын явцад нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт бооцоо тавих нь хамгийн түгээмэл хэлбэр болжээ.

2026 оны ДАШТ зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн биш, дэлхийн хамгийн том бизнесийн арга хэмжээ гэдгээ дахин баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн