Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шуурхай штабаас Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт шатахууны хангамжийг нэмж, нэр бүхий 17 сумыг шатахуунаар яаралтай хангах үүрэг болгов.
Хурлаар хөдөө орон нутагт шатахуунгүй болсон 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж буй аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ, Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өгснийг АҮЭБЯ мэдээллээ.
Манай улс энэ сарын эхний долоо хоногт АИ92 бензин 16651 тонн, АИ98-ыг 120 тонн, дизель түлш 46 мянган тонн, онгоцны түлш 1790 тонныг импортолсон байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт улсын хэмжээнд 30 сум шатахуунгүй мэдээлэл байсан бол амралтын өдрүүдэд түгээлтийг нэмснээр одоогоор 17 сумын ШТС-д хангамж хараахан очиж амжаагүй байгаа ажээ.