ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 12 /Kazinform/. Дэлхийн чансааны 12-рт бичигдэж буй Чехийн теннисчин Линда Носкова Уимблдон-2026 тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга боллоо. Тэрбээр финалын тоглолтод дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэлэгдэж буй нутаг нэгт тамирчин Каролина Муховаг 6:2, 5:7, 6:3-ын харьцаагаар хожиж, “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртжээ.
Долоодугаар сарын 11-нд Бүх Английн лаун-теннис, крокетын клубийн Төв талбайд болсон финалын тоглолт 2 цаг 26 минут үргэлжилсэн байна.
Тоглолтын үеэр Каролина Мухова зургаан удаа давуулалтаар оноо авч, нэг удаа хоёр оролдлогоор дараалан дүрмийн дагуу бөмбөгийг тоглолтод оруулж чадаагүй бөгөөд 15 брейк-поинтоос хоёрыг нь оноо болгожээ. Харин Линда Носкова есөн удаа давуулалтаар оноо авч, дөрвөн удаа хоёр оролдлогоор дараалан дүрмийн дагуу бөмбөгийг тоглолтод оруулж чадаагүй боловч 13 брейк-поинтоос дөрвийг нь оноо болгосон байна.
Өдгөө 21 настай Линда Носкова Уимблдонд түрүүлснээр “Их дуулга”-ын анхны цомоо өргөлөө.
Финалын тоглолтыг дэлхийн олон алдартан хүрэлцэн ирж үзжээ. Уламжлал ёсоор аваргын цомыг Уэльсийн гүнж Кэтрин Чехийн теннисчинд гардуулсан байна. Тоглолтыг үзэхээр мөн Оросын нэрт теннисчин Мария Шарапова хүрэлцэн иржээ. Түрүүлснийхээ дараа Линда Носкова талбай дээр баярын нулимс унагасан байна.


