Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжилж байна.
“Монголын түүх” салбар хуралдаанд “Монгол хаадын шашны бодлого: Шашин хоорондын зөрчлийг шийдвэрлэсэн нь” сэдэвт илтгэл тавьсан ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Ц.Энхчимэгээс илтгэлийн агуулга, түүний сургамж, ач холбогдлын талаар тодрууллаа.
-Таны барьж авсан илтгэлийн сэдэв өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй шиг санагдаж байна. Монголчууд шашны зөрчлийг хэрхэн намжааж ирсэн юм бол?
-Монголын эзэнт гүрэн нь шашин хоорондын элдэв зөрчилгүй эзэнт гүрэн байсан гэж түүх бичлэгт үлдсэн байдаг. Чингис хаанаас эхлээд шашин хоорондын зөрчлийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг урьдчилан тооцоолж, тодорхой бодлогыг боловсруулдаг байв. Хамгийн эхэнд Чингис хаан Умард Хятадад дайтаж явахдаа бумбын шашны тэргүүн Чанчунь Бумбатай одоогийн Афганистаны Гиндукуш уулын бэлд уулзаж, тус шашны сүм хийдийг алба татвараас чөлөөлж, өртөө улаагаар үнэгүй явах Алтан гэрэгэ хүртээсэн. Чанчунь Бумбын шавь нар тэрхүү зарлигийг ашиглан, Хятадын газар нутгаар хөндлөн гулд явж, өөрийн сүм хийдүүдийг олноор барьж, уналтын байдлаас хоромхон зуур сэргэсэн гэдэг.
Мөн Чингис хаан Дундад Азийг эзлэн авсныхаа дараа Исламын шашны хамгийн аядуу зөөлөн урсгал болох суфизмыг Монголын эзэнт гүрний Дундад Азийн шашнаар сонгосон. Ингэхдээ суфизмын урсгалын удирдагч Сейф ад-Дин Бохарзийг Шейхийн Шейх цолтойгоор энэхүү шашны зүтгэлтнээр тохоон томилсон юм. Хэдийгээр түүнийг тохоон томилсон тухай зарлигийн бичиг өнөөг болтол олдоогүй ч дараа дараагийн монгол хаадын бодлогоос уг эрхмийг онцолж байсан нь илт байдаг.
Дараад нь буддын шашны нөлөө нэмэгдэж эхлэх үед Мөнх хаан буддын шашны Гармаа ламтныг өөрийн багшаар урьсан. Улмаар Хубилай хаан 1264 онд зарлиг гаргаж, буддын шашныг төрийн шашин болгосны зэрэгцээ Пагва ламыг улсын багшаар өргөмжилсөн. Ингэснээр Юань улсын албан ёсны шашин бол буддын шашин болсон юм. Ийнхүү Монголын эзэнт гүрэн олон үндэстний олон шашнаас бүрдэх болсон тул шашны асуудлыг хуульчлах шаардлагатай болж ирсэн.
-Тухайн үед шашинтай холбоотой хууль зарлигийг ягштал мөрдүүлж ирсэн тухай баримт түүхэнд хэр олон байдаг вэ. Одоогийн бидний ярьдгаар бол хуулийн хэрэгжилт хэр хангагддаг байв?
-Тухайлбал, Юань улсад хамаарах монгол бичгийн болон дөрвөлжин бичгийн шашинтай холбоотой 47 зарлиг байгаа юм. Эдгээрийн ихэнх нь буддын шашинтай холбоотой. Тэгэхээр монголын төр шашныг хуульчлаад зогсохгүй хуулийг ягштал мөрдүүлдэг байсан нь баримтаар нотлогддог. Түүний зэрэгцээ шашин хоорондын зөрчлийг шийдвэрлэх зорилгоор шашны тэргүүнүүдийг оролцуулсан мэтгэлцээн зохион байгуулдаг байсан. Тэрхүү ном хаялцах мэтгэлцээнийг монгол хаадууд өөрсдийн ивээл дор зохион байгуулснаар шашин хоорондын зөрчлийг илрүүлэхийн зэрэгцээ шийдвэрлэх үр ашигтай арга хэлбэрийг гаргаж ирдэг байж. Хамгийн алдартай мэтгэлцээнээс цохон дурдвал, 1254 онд Хархорум хотод Мөнх хааны ивээл дор зохион байгуулсан мэтгэлцээнийг нэрлэж болох байна.
Энэхүү мэтгэлцээнд буддын шашныхан ялан дийлж, бумбынхан ялагдал хүлээсэн. Түүнээс болж бумбын шашинтнууд асар их гомдол мэдүүлэх болсон. Иймд Мөнх хаан дүү Хубилайдаа асуудлыг шийдвэрлэхийг даалгасан. Хубилай тухайн үед эзэн хаанаар өргөмжлөгдөөгүй байсан ч ахынхаа даалгавраар Шанд хотод 1258 онд Пагва лам тэргүүтэй 300 буддын шашны лам, нөгөө талаас бумбын шашны 200 гаруй санваартныг оролцуулсан мэтгэлцээнийг зохион байгуулахад бумбын шашныхан хоёр дахь удаа ялагдал хүлээсэн. Түүнээс хойш уг шашин сэргээгүй, уналтад орсон.
Ингэхээр монгол хаадууд тухайн сүм хийдүүдийг алба татвараас чөлөөлж, лам нарыг цэрэгт татдаггүй байжээ. Үүний зэрэгцээ өмч хөрөнгийг нь хамгаалдаг байв. Өөрөөр хэлбэл, бусдын шашин, сүм хийдүүдийн өмчлөлд хэн ч халдаж зүрхэлдэггүй байж шүү дээ. Ингэж л эзэнт гүрэн даяар шашин хоорондын зөрчлийг соргогоор мэдэрч, засаж залруулж ирсэн нь өнөөгийн дэлхий нийтэд ч тусгаж авах сургамжуудын нэг юм.