Дэлхийн нүүдэлчин малчдын чуулга уулзалтын зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Баруун Жаргалантын голд болж байна.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр, хэлэлцүүлгээр Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд Испани улсын Мадрид хотноо баталсан “Залуу малчдын тунхаг бичиг”-ийг хэлэлцүүлж байгаа юм. Үүнд дэлхийн улс орнуудын 26 малчин, зүүн бүсийн малчидтай туршлагаа солилцож, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой байдал, хүнсний тогтолцооны тэсвэрлэх чадварыг дэмжих бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр нэгдсэн санал, зөвлөмж боловсруулна.
Цаашлаад орон нутгийн айлчлал, хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид дэлхийн малчдын, эмэгтэй малчдын, залуу малчдын тунхаглал гэсэн гурван гол баримт бичгийг боловсруулах юм. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага болон түншүүдийн дэмжих мэдэгдлийг боловсруулж, малчдын амьжиргааг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хамтын үүрэг амлалтыг тодорхойлох аж.
Нийт 102 улс орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид оролцож буй тус чуулга уулзалт Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай аймагт орон нутгийн малчдын ахуйтай танилцах аялал болон бүсчилсэн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.




