Хөл бөмбөгийн ДАШТ-2006

УЛААНБААТАР, 2026 оны зургаадугаар сарын 2 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-2006

Хөл бөмбөгийн ДАШТ-2006Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн Германы 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2006 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Герман улс 2000 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Бразил, Марокко, Англи, ӨАБНУ-тай өрсөлдөн 2006 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авчээ. Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод 197 орны шигшээ багууд хүч сорьж 

  •     Европ (УЕФА) — тивийн  51 багаас 13 
  •     Ази (АФК) —тивийн  39 багаас 4
  •     Африк (КАФ) —тивийн 51 багаас  5
  •     Хойд болон Төв Америк, Карибийн тэнгис (КОНКАКАФ) —ийн  34 багаас 4 
  •     Өмнөд  Америк (КОНМЕБОЛ) —тивийн  10 багаас 4
  •     Далайн орнууд (ОФК) — 10 багаас 1 шигшээ баг

нийт 31 орны баг Герман улсыг зорихоор болсон юм. 2006 оны ДАШТ өмнөх тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан байдаг. Талбайн эзэн Германы багийг хагас шигшээд буулган авсан Италийн шигшээ баг аваргын төлөөх тоглолтод 1998 оны дэлхийн аварга Францын шигшээг торгуулийн цохилтоор 1:1 (5:3) буулган авч дөрөв дахь удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн билээ.

Тус тэмцээнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Ангол, Гана, Зааны Ясан Эрэг, Серб-Черногор (урьд нь Югославын шигшээ оролцож байсан), Того, Тринидад Тобаго, Украин (урьд нь ЗХУ-ын шигшээ оролцож байсан), Чех (урьд нь Чехсловакийн шигшээ оролцож байсан) гэсэн 8 улсын баг анх удаа оролцсон.
  • 1/8-ийн шигшээд Португал, Холландын багуудын тоглолтыг шүүсэн ОХУ-ын шүүгч  Валентин Иванов тоглолт дуусахад 16 шар карт өгч, 4 тоглогчийг талбайгаас хөөсөн нь түүхэнд бичигдэн үлдсэн.
  • Мөн 1/8-ийн шигшээд  Швейцартай тоглосон Украины шигшээ багийн хаалгач Александр Шовковский тоглолтын үндсэн цагийн дараа 11 метрийн торгуулийн цохилтоос ганц ч бөмбөг алдаагүй нь одоог хүртэл анхны цорын ганц тохиолдол байсаар байгаа билээ.  
  • “ДАШТ-2006”-гийн бэлгэ тэмдэг нь ярьдаг бөмбөг Пиллег барьсан Германы шигшээ багийн 6 дугаарын өмсгөлтэй арслангийн  Голео  дүрс байсан юм.

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар эзэн орон Германы хөлбөмбөгчин Мирослав Клозе 5 гоол хийсэн амжилтаараа шалгарч байв.

Хөл бөмбөгийн ДАШТ-2006

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн