БУДАПЕШТ, 2026 оны тавдугаар сарын 31 /DW/. Францын хөл бөмбөгийн “Пари Сен-Жермен” баг Европын клубүүдийн хамгийн том тэмцээний аварга цолыг дахин хүртлээ. Будапешт хотын “Пушкаш Арена” цэнгэлдэх хүрээлэнд 31-нд шилжих шөнө болсон Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолтод францчууд Английн Премьер лигийн аварга Лондоны “Арсенал” багийг торгуулийн цуврал цохилтоор хожсон байна.
Тоглолтын үндсэн ба нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөжээ. 6 дахь минутанд “Арсенал”-д тоглодог Германы хөлбөмбөгчин Кай Хаверц зүүн жигүүрээр гэнэт торгуулийн талбайд орж ирээд хаалганы дээд өнцөгт хүчтэй цохисноор эхний гоолыг оруулснаар Английн баг I үеийн турш давамгайллаа.
Харин II үеийн дундуур “Алтан бөмбөг”-ийн эзэн, ПСЖ-ийн франц тоглогч Усман Дембеле торгуулийн цохилтоор хариу гоол хийсэн бөгөөд Францын баг II үеийн турш давамгайлж байв.
Ингээд тоглолтын үндсэн ба нэмэлт цагт гоол ороогүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар болов. Цувралын явцад хоёр баг нэг нэг бөмбөг алдаад байсан бол шийдвэрлэх цохилтыг хийсэн “Арсенал”-ын төвийн хамгаалагч, Бразилын хөлбөмбөгчин Габриэл Магальяйнс бөмбөгийг хаалганы хөндлөвч дээгүүр давуулан цохисноор 4:3 харьцаагаар Францын баг ялагчаар тодорлоо.
Английн багийн хаалгач Райя нэг бөмбөг хаасан боловч багийнхан нь торгуулийн хоёр цохилт алдсанаар финалд хожигдов.
Ийнхүү ПСЖ баг 21 дүгээр зуунд Аваргуудын лигт хоёр дараалан түрүүлсэн хоёр дахь баг болж байна. Өмнө нь “Реал Мадрид” баг 2016-2018 онд гурав дараалан аваргалж байжээ. Түүнээс гадна, ПСЖ баг Аваргуудын лигийн тэмцээний аварга цолоо хамгаалж чадсан Францын анхны багаар тодорлоо. Жилийн өмнө францчууд Италийн “Интер” багийг финалын тоглолтод 5:0-ээр бутниргэж байв.
Францын багийн бүрэлдэхүүнд Оросын хаалгач Матвей Сафонов, Украины хөлбөмбөгчин, төвийн хамгаалагч Илья Забарный, Гүржийн хөлбөмбөгчин, зүүн жигүүрийн довтлогч Хвича Кварацхелия нар тоглодог билээ.