Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын үеэр хэрэглэж байсан бөмбөгнүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэж байна. 

1954 оны ДАШТ-ий “Swiss World Champion” бөмбөг

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд1954 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) бөмбөг болох “Swiss World Champion” нь уламжлалт 13 зүсэм арьсны оронд зигзаг ирмэгтэй 18 хэсэг зүсэм арьснаас бүрдэж байсан ба илүү тод шаргал өнгөтэй байсан нь цаг агаарын таагүй нөхцөлд тоглох үед өмнөх хар хүрэн өнгийн бөмбөгүүдийг бодвол илүү тод харагдаж байжээ.

Энэхүү давуу тал нь ялангуяа бороотой өдөр болсон шувтаргын тоглолтын үеэр илэрсэн бөгөөд тус тоглолтод Баруун Германы шигшээ баг түрүүлэх хамгийн их магадлалтайд тооцогдож байсан Унгарын багийг 3:2-оор буулган авч, дуулиан тарьж байсан юм.

1958 оны ДАШТ-ий “Top Star” бөмбөг

Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд1958 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулж ФИФА 102 хувилбараас албан ёсны бөмбөгийг сонгох уралдаан зохион байгуулжээ.

Ингэхдээ үйлдвэрлэгчдийн нэрийг дугаарлан дугтуйнд хийж лацадсан бөгөөд ФИФА-гийн дөрвөн төлөөлөгчөөс бүрдсэн комисс үйлдвэрлэгчийг мэдэлгүйгээр чанарыг шалгасны дараа л тэдгээрийг нээх журамтай байв. Тус комиссын бүрэлдэхүүнд Зөвлөлтийн хөл бөмбөгчин Валентин Гранаткин багтсан байжээ. Ийнхүү шалгасны дараа 55 дугаартай шар, цайвар бор, цагаан өнгөөр хийгдсэн “Top Star” бөмбөг сонгогдсон байна.

1958 оны ДАШТ-ий албан ёсны бөмбөг нийлүүлэгчээр Шведийн “Sydlader AB” компани шалгарчээ. Тус компани аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн савхин дамжуулгын ремень үйлдвэрлэдэг байв. Ингээд тэмцээнд оролцож буй баг тус бүрд 30 ширхэг бөмбөг нийлүүлсэн бөгөөд энэхүү бөмбөг Францын шигшээ багийн довтлогч Жюст Фонтенд онцгой ихээр таалагджээ. Тэрбээр тус ДАШТ-ий зургаан тоглолтод 13 гоол оруулж, түүхэн дээд амжилтыг тогтоосныг өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа юм. 

1962 оны ДАШТ-ий “Mr Crack” бөмбөгХөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэглэсэн бөмбөгнүүд18 зүсэм арьснаас бүрдсэн “Mr Crack” бөмбөг нь өмнөх загваруудтай харьцуулахад илүү дугуйрсан зүсэмтэй байсан тул илүү төгс бөмбөрцөг хэлбэртэй болжээ. Мөн уг бөмбөг нь ДАШТ-ий латекс хавхлагатай анхны бөмбөг болсон бөгөөд агаар гадагшлах явцыг удаашруулж, хэлбэрээ илүү урт хугацаанд хадгалдаг болсон байна.
Гэвч уг бөмбөгний гол дутагдал нь оёдлын завсраар ус нэвчих тусам улам хүндэрдэг байлаа. Чилид үйлдвэрлэсэн энэ бөмбөгтэй холбоотой ийм асуудал үүсэхийг урьдчилан таамагласан Европын шигшээ багууд ДАШТ эхлэхээс өмнө 1958 оны “Top Star” загварын 100 ширхэг бөмбөгийг Чили рүү илгээж бэлтгэлээ хангажээ. Улмаар тэдгээр бөмбөгнүүдийн заримыг тэмцээний чухал, хариуцлагатай тоглолтуудад “Mr Crack”-ийн оронд орлуулан ашигласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн