Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1970
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн 1970 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 21-ний өдрүүдэд Мексикт зохион байгуулагдсан билээ. Тоглолтууд Гвадалахара хотын “Халиско”, Леон хотын “Леон” (буюу “Ноу Камп”), Мехико хотын “Ацтека”, Пуэблагийн “Куаутемок”, Толукагийн “Немесио Диес” цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон юм.
Энэ удаагийн ДАШТ нь анх удаа Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA), Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооны (CONMEBOL) гишүүн орнуудад бус Төв болон Хойд Америкийн хөл бөмбөгийн холбооны (CONCACAF) гишүүн орны нутаг дэвсгэрт болсноороо онцлог байв.
Тэмцээнд оролцсон багууд 4 хэсэгт хуваагдан тоглож, хэсэг тус бүрээс 2 баг хасагдах шатанд шалгарчээ. Шувтаргын тоглолтод Бразилын шигшээ баг Италийн багийг 4:1-ийн харьцаатайгаар буулган авснаар гурав дахь удаагаа дэлхийн аварга болж, “Жюль Римье”-гийн цомыг үүрд хадгалах эрхтэй болсон билээ. Харамсалтай нь, бразилчууд уг цомыг 1983 онд Бразилаас хулгайд алдсан бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм.
1970 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Өмнөх 1966 оны ДАШТ-ий нэгэн адил өөрийн гэсэн бэлгэдэлтэй байсан бөгөөд тэр нь Жуанито (Juanito) хэмээх сомбреро малгай өмссөн хүүгийн дүр байв.
- Тус тэмцээнд Африк тивээс анх удаа Марокко улс оролцсон.
- Хагас шигшээд Итали болон ХБНГУ-ын багууд учраа таарч 4:3-аар италичууд хожсон. Энэхүү тоглолтын нэмэлт цагт 5 гоол оруулж байсан нь үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт болсон юм. Ийм ч учраас Ацтеко цэнгэлдэх хүрээлэнгийн хананд “АЦТЕКА ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛСОН ИТАЛИ (4), ХБНГУ (3)-ЫН ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТЫГ “ЗУУНЫ ТОГЛОЛТ” ХЭМЭЭН НЭРИЙДЭЖ БАЙНА. 1970.06.17” гэсэн хүндэтгэлийн самбар байрлуулжээ.
Тус ДАШТ-ий мэргэн буучаар ХБНГУ-ын хөлбөмбөгчин Герд Мюллер 7 гоол оруулсан амжилтаараа шалгарч байв.