, 2026 оны зургаадугаар сарын 27Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээлтийн үеэр хэлэхдээ “Аливаа улсын нийслэл хот бол улс төр, нийгмийн төв төдийгүй үндэсний түүх, өв соёлын арвин санг бүрдүүлж, хадгалан хамгаалж, баяжуулан уламжлуулж байдаг аялал жуулчлалын чухал бүс байдаг. Эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санаа болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой.
“Хүрээ цам-Даншиг наадам” сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж, зорин ирдэг гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчдын тоо өсөн нэмэгдэж, үндэсний соёлын томоохон арга хэмжээ болон хөгжиж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, хүндэт наадамчид та бүхэндээ төрт ёс, шашин соёлын их цэнгэл Даншиг наадмын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр, Хүрээ цам-Даншиг наадмыг Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, аялагч, жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хүрээ цам-Даншиг наадам”-тай хамт хоёр дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотын иргэд өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй онцлогтой.
Тус үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулах юм. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээний тэмцээн зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаа болох юм.
Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс даншиг наадмыг тэмдэглэсэн уламжлалтай.




