УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал 2026 оны есдүгээр сарын 23-нд Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүсийн захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нээлттэй засгийн түншлэл нь 130 гаруй улсыг нэгтгэж, төрийн ил тод байдал, хариуцлага болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Монгол Улс 2013 онд уг санаачилгад нэгдэж, үндэсний үйл ажиллагааны тав дахь төлөвлөгөөг хэрэгжүүлжээ.
Түншлэлийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгоход ахиц гарсан ч сүүлийн хоёр жилд үйл ажиллагаа саарсан тул санаачилгыг эрчимжүүлж, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжих хүсэлтэй байгаагаа төлөөлөгчид илэрхийлэв.
Х.Баасанжаргал төсвийн ил тод байдлыг сайжруулж, хүний эрхийн дүн шинжилгээ хийх шаардлагатайг онцоллоо. Тэрбээр ирэх оны төсвийн төслийг холбогдох яам болон иргэний нийгмийн байгууллагуудтай “Хүүхдийн эрх ба төсөв”, “Хүний эрхийн хамгаалалт ба төсөв”, “Төрийн үйлчилгээ ба төсөв” сэдвээр нээлттэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.
Мөн төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд жил бүр хяналт тавьж, төсвийн төслийг иргэний нийгмийн оролцоотой хэлэлцэх бодлого баримталж байгааг дурджээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
