Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг аравдугаар сарын 9-нд «Монголын хөрөнгийн бирж» ХК-ийн MSE hall-д олон улсын CFA Research Challenge тэмцээнийг нээлээ. Энэ удаагийн судлагдахуун компаниар «Монголын хөрөнгийн бирж» ХК сонгогдсон.

Тэмцээн олон улсад 21 дэх, Монгол Улсад 11 дэх жилдээ болж байна. Нийгэмлэг мэргэжлийн стандартыг дээшлүүлэх, дараа үеийн санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тэмцээний цар хүрээг тэлсээр ирсэн.

Нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга С.Дашдорж нээлтийн үгэндээ өнгөрсөн онд CFA Research Challenge дэлхийн 121 улсад зохион байгуулагдсаныг дурдав. Монголд энэ жил дотоодын 6 их сургуулийн 11 баг өрсөлдөхөөр бүртгүүлж, танхимд ирсэн гэж тэр хэллээ.

Ивээн тэтгэгчээр «Ти Ди Би Секьюритис ҮЦК» ХХК (TDB Securities), «Райнос Инвестмент ҮЦК» ХХК (RHINOS Investment), «Апекс Капитал ҮЦК» ХХК (Apex Capital), «Гүүдсек ҮЦК» ХХК (GoodSec), «Балансэд Грөүт Менежмент» ХХК (BGM Asset Management) хамтран ажиллаж байгааг С.Дашдорж мэдэгдэв. Оюутнууд бодитой мэдлэг, туршлага олж авна гэж тэр онцолж, хамтрахаар шийдсэн «Монголын хөрөнгийн бирж» ХК-ийн удирдлагад талархал илэрхийллээ.

Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ зочдод мэндчилгээ дэвшүүлэв. CFA Research Challenge-ийг Монголд зохион байгуулж эхэлсний 11 жилийн ой, МХБ үүсч хөгжсөний 35 жилийн ой тохиосон энэ жил бирж судлагдах компаниар сонгогдсонд нийт удирдлага, албан хаагчдын нэрийн өмнөөс баяртай байгаагаа тэр илэрхийлэв.

«Монголын хөрөнгийн бирж» ХК 2020 оноос хойш нийгэмлэгийн санаачилгыг дэмжиж, тэмцээний ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж ирсэн. CFA Institute-ийн Research Challenge-ийн Монгол дахь шалгаруулалт их, дээд сургуулийн оюутнуудад санхүүгийн дүн шинжилгээг бодитоор хийх дадлага өгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дараагийн үеийн санхүүгийн удирдагчдыг тодруулдаг гэж Т.Хаш-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр ирээдүйн хөрөнгө оруулагч, судлаач, шинжээч бэлтгэх, зах зээлийн судалгаа, шинжилгээний бүтээлийн цар хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг сүүлийн үеийн мэдээллээр хангах чиглэлд хувь нэмэр оруулах зорилгоо чухалчилж байгаагаа дурдав. Дараагийн жилүүдэд уламжлалаа таслахгүй үргэлжлүүлж, өмнөх амжилтаа бататган шинэ шатанд гарах үйл явцыг дэмжин ажиллахаа илэрхийлж, нийгэмлэгийн төлөөлөл болон уралдаанд оролцох багуудад амжилт хүслээ.

Хэлэлцэх 0