Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж Моторс” компанийн хамтын ажиллагааны хүрээнд наадмын долоогийн даваанд тунаж давсан улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа.
Хоёр байгууллага зургаа дахь жилдээ “Заан жимни” бай шагнал олгож байгаа бөгөөд энэ удаагийн эзнээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын шинэхэн заан Д.Алтанцоожид тодорчээ. Тэрбээр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойгоор зохион байгуулсан наадамд долоо даван, “Бридж Моторс”-оос өчигдөр бай шагналаа хүлээн авсан байна.
Хамгийн анхны “Сүзүки Жимни”-гийн эзнээр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч тодорч байв. Түүнээс хойш Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын гарди М.Лхагвагэрэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат даян аврага Б.Орхонбаяр, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар энэ шагналын эзэн болсон юм.
