УДЭТ-ын бүтээл, МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4, 5-нд Оросын Үндэсний драмын “Александринский” театрын тайзнаа тоглолоо.
“Тэнгэрийн хүү” жүжиг нь 17 дахь удаагийн Александринскийн олон улсын театрын фестивалын нээлтийн жүжгээр сонгогдон Санкт-Петербургийг зорьсноороо онцлог гэдгийг УДЭТ мэдээлэв. Нээлтийн тоглолтын дараа 270 жилийн түүхт театрын Хааны хүндэтгэлийн танхимд УДЭТ-ын уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авсан юм.
Хүлээн авалтын дараа УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон Александринский театрын Ерөнхийлөгч алдарт найруулагч Валерий Владимирович Фокин тэргүүтэй хоёр театрын удирдлагууд албан ёсны уулзалт хийн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар харилцан ойлголцолд хүрч, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр УДЭТ болон “Александринский” театрын тайзнаа уран бүтээлээ урин тоглох, хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх, найруулагчдаа харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд УДЭТ-ын захирал Н.Наранбаатар ОХУ-ын Ардын жүжигчин, Оросын Төрийн дөрвөн удаагийн шагналт найруулагч Валерий Владимирович Фокинд хоёр орны театрын урлагийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн бэлгэдэл болгон Александринский театрын Хааны танхимд эгшиглүүлсэн морин хуур хөгжим бэлэглэжээ.
