Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй тэмцээнүүдийн нэг болох олимпиад энэ жил Узбекистаны Самарканд хотод энэ сарын 15-27-нд болно.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 188 орны үндэсний шигшээ баг оролцож, швейцарь системээр нийт 11 өргийн турш улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөх юм. 46 дахь удаагийн олимпиадад манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор “Баянгол ресорт”-д бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эмэгтэйчүүдийг Ц.Батсайхан нар дасгалжуулж, ахална. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй

Нэгдүгээр ширээ: их мастер С.Билгүүн

Хоёрдугаар ширээ: олон улсын мастер М.Амилал

Гуравдугаар ширээ: олон улсын мастер Г.Амартүвшин

Дөрөвдүгээр ширээ: олон улсын мастер Х.Итгэлт

Нөөц тоглогч: олон улсын мастер Ү.Агьбилэг

Эмэгтэй

Нэгдүгээр ширээ: олон улсын мастер Б.Мөнгөнзул

Хоёрдугаар ширээ: их мастер Т.Мөнхзул

Гуравдугаар ширээ: кандитат мастер Х.Баясгалан

Дөрөвдүгээр ширээ: их мастер Б.Мөнгөнтуул

Нөөц тоглогч: олон улсын мастер Б.Баярмаа нар эх орноо төлөөлнө.

Энэ удаагийн цугларалтад Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын урилгаар дэлхийн шилдэг шатарчидтай олон жил хамтран ажиллаж, өндөр түвшний тэмцээнүүдэд тоглогч болон дасгалжуулагчаар ажилласан их мастер Игорь Лысый хүрэлцэн ирж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Игорь Лысый 2007 онд их мастер цол хүртсэн бөгөөд 2015 онд олон улсын чансаагаа 2700 хүргэж, дэлхийн чансааны 45 дугаар байр хүртэл эрэмбэлэгдэж байсан дэлхийн хэмжээний тоглогч юм. Мөн тэрбээр 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний супер финалд түрүүлж, Moscow Open зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байжээ. Игорь Лысыйгийн өндөр зэрэглэлийн тамирчин төдийгүй гарааны онол, орчин үеийн шатрын бэлтгэл, өрсөлдөгчийн эсрэг өрсөлдөөний бэлтгэлд өндөр түвшинд ажилладаг мэргэжилтэн бөгөөд дэлхийн аваргын түвшний тоглогчдод секундант болон дасгалжуулагчийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж.

Олимпиад нь шатрын спортын хамгийн том багийн тэмцээн төдийгүй “оюуны спортын олимп” хэмээн нэрлэдэг билээ. Дэлхийн шилдэг шатарчид эх орныхоо далбаан дор нэг баг болон өрсөлдөж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд хамгаалдаг онцгой ач холбогдолтой тэмцээн юм. Монголын шигшээ баг энэ сарын 12-ны өглөө Узбекистаныг зорино. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн