ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 16 /Kyodo/. Японы Ерөнхий сайд, эрх баригч Либерал-Ардчилсан намын (ЛАН) дарга Такаичи Санаэ намынхаа удирдлагад халаа сэлгээ хийжээ. Тэрбээр намын удирдлагын гол албан тушаалтнуудыг албан тушаалд нь хэвээр үлдээсэн нь намын үйл ажиллагааг тогтвортой явуулах, мөн 2027 онд ЛАН-ын даргын албан тушаалд дахин сонгогдох таатай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотой гэж Японы ажиглагчид үзэж байна.

“Ард иргэддээ өгсөн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд бид Засгийн газар, Либерал-Ардчилсан намын боломж бололцоог бүрэн дайчлах боломжийг олгох томилгоог хийлээ” гэж Т.Санаэ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Намын удирдлагын шинэчилсэн бүрэлдэхүүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Сүзүки Шюнъичи танилцуулсан бөгөөд тэрбээр мөн албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. ЛАН-ын дэд дарга Асо Таро, Улс төрийн зөвлөлийн дарга Кобаяши Такаюки, Сонгуулийн хорооны дарга Нишимүра Ясүтоши, намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хагиүда Коичи нар мөн албан тушаалаа үргэлжлүүлэн хашина. Тэд бүгд намын нөлөө бүхий удирдагчид юм. Харин парламент дахь намын хорооны даргыг солиж, уг албыг хашиж байсан Кажияма Хирошиг намын Ерөнхий зөвлөлийн даргаар томилсон нь энэ удаагийн цорын ганц томоохон халаа сэлгээ байв. Түүний оронд сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Мурай Хидэкиг парламентын хорооны даргаар томилжээ.

2008-2009 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан, өдгөө 85 настай ЛАН-ын дэд дарга Асо Таро Японы эргэн тойрон дахь олон улсын нөхцөл байдал “туйлын түгшүүртэй” байгааг онцлоод, “парламентын хоёр танхим дахь намын гишүүд нэгдэн нягтарч, дэвшүүлсэн улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Есдүгээр сарын 17-нд буюу маргааш Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийх бөгөөд гадаад болон батлан хамгаалахын сайд нар зэрэг ихэнх сайд албан тушаалдаа үлдэх төлөвтэй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн