Японы 100 буюу түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянга давж түүхэн дээд амжилт тогтоож байна. Тус улсын 100 настнуудын тоо 56 дахь жилдээ өсч, дараалан дээд амжилт тогтоож буй нь энэ. Есдүгээр сарын 1-ний байдлаар 100 настнуудын тоо 107,677 хүрсэн нь өнгөрсөн оноос 7914-өөр өссөн үзүүлэлт юм.
Нийт 100 настнуудын 88 хувь буюу 94,298 нь эмэгтэйчүүд бол 13,379 нь эрэгтэй байна.
Тэдний дундаас хамгийн өндөр настай хүн нь Киото хотод амьдардаг 114 настай Кишимото Фүёо юм. Харин хамгийн өндөр настай эрэгтэй нь 112 настай Като Хикарү.
Мужийн хувьд авч үзвэл, Шиманэ муж 100 настнуудын тоогоороо тэргүүлж байна. 14 дэх жилдээ дээд амжилтаа хадгалж буй тус мужийн 100 мянган хүн тутмын 186.65 нь 100 настан гэсэн тооцоо гарчээ. Шиманэгийн араас 169.52 гэсэн үзүүлэлтээр Кочи муж удаалсан бол гуравдугаар байранд 152.48 үзүүлэлтээр Тоттори муж орсон байна. Тэгвэл хамгийн цөөн 100 настантай мужаар Сайтама тодорчээ. Тус мужийн 100 мянган хүн тутмын 51.27 нь 100 настан байгаа юм. Харин Айчи, Осака мужууд 57.79, 60.06 гэсэн үзүүлэлтүүдээр Сайтамагийн өмнө гишгэж байна.
Японы Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль 1963 онд батлагдаж байв. Тухайн үед Япон даяар ердөө 153-хан 100 настан байжээ. Энэ тоо 1998 онд 10 мянга, 2012 онд 50 мянга хүрсэн байна.
