Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс 2030 он хүртэл тэрбум мод тарьж ургуулах зорилтыг дэлхий нийтэд зарласан нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эхлэлийг тавьсан байдаг.
Тус хөдөлгөөн Монгол орны газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ой, экосистемийг хамгаалах үндэсний томоохон санаачилга болсон. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулж байгаа юм. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, шатсан ойг нөхөн сэргээх зорилгоор БНСУ-ын “Юхан” корпораци, Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO), Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Тэрбум мод хөдөлгөөн” төрийн бус байгууллага хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Үдлэг багийн Шар хоолой орчимд “Yuhan 4RE-Түймэрт өртсөн ойн талбайг нөхөн сэргээх” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь түймэрт өртсөн ойн талбайг нөхөн сэргээх,экосистемийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн ой хамгаалал, түймрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. Төслийн хүрээнд Батсүмбэр суманд нийт 75 га орчим түймэрт өртсөн ойн талбайг үе шаттайгаар нөхөн сэргээхээр төлөвлөсөн аж. Төслийн эхний шатны нөхөн сэргээлтийн ажил 2026 оны зургаадугаар сард эхэлж, 15 га талбайд 36 мянган тарьц суулгасан. Мөн ойн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг урт хугацаанд хянах, судалгаа шинжилгээ хийх, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор ой хамгаалал, түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
COP17 хуралд ирсэн зочид болох төслийн санхүүжүүлэгч “Юхан” групп болон Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд Батсүмбэр суман дахь төслийн талбайн нөхөн сэргээлтийн явцтай танилцлаа. Төслийн хүрээнд Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль болон Үдлэг багийн сургуулийн сурагчдын дунд “Ой, бүхний гэр орон болох нь” сэдэвт зургийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд 665 сурагч оролцож, ой модыг хамгаалах, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санааг бүтээлээрээ илэрхийлсэн байна. Уралдаанд амжилттай оролцсон сурагчдад төслийн төлөөлөгчид гарын бэлэг гардууллаа. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй бөгөөд түймэрт өртсөн ойн экосистемийг сэргээх, ойн тогтвортой менежментийг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Гэрэл зургийг Г.Мөнх-Од