Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд Амна бинт Абдуллах Аль-Дахакыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх, байгальд түшиглэсэн шийдлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Сайд Б.Батцэцэг усны асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, 2026 оны 12 дугаар сард Абу Даби хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Усны асуудлаарх бага хуралд Монгол Улс өндөр түвшинд оролцохоор төлөвлөж буйг тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улс, АНЭУ-ын харилцааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.