ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 21 //. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрсний улмаас алдагдал хүлээгээд буй тариаланчдад Засгийн газраас нь 8 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг мэдэгджээ.
Тэрбээр Канзас муж улсад сонгогчидтой уулзах үеэрээ “Хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдыг дэмжих шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай тариаланчид ургац хураалтын үеэр дизель түлшинд гаргасан зардлаа нөхөхөд зориулж 8 тэрбум ам.долларын тусламж авна” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, “Ургац хураалтын түлшний зардлыг нөхөх хөтөлбөр”-ийн хүрээнд тариаланчид 2026 оны ургац хураалттай холбоотой тооцоолсон алдагдлын тодорхой хэсгийг нөхөн олгох аж. Нөхөн олговрын хэмжээг тогтоохдоо тариалсан талбайн хэмжээ, үйлдвэрлэлийн тооцоолсон зардал болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны “Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тооцоо” тайланд тусгасан ургацын хэмжээ, бүтээгдэхүүний үнэнд үндэслэнэ.
Дизель түлшний үнэ огцом өссөн нь АНУ-ын тариаланчдыг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулжээ. Америкийн автомашины холбооны мэдээллээр, тус улсад дизель түлшний дундаж үнэ нэг галлон нь 6.32 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх 3.62 ам.доллартой харьцуулахад эрс өссөн байна.
Тус улсын хөдөө аж ахуйн салбар хямралын ирмэгт байгаа тухай өмнө нь анхааруулж байв. Бордоо, дизель түлшний үнэ өссөн нь тариаланчдын зардлыг нэмэгдүүлж, хэдийн хүндрэл бэрхшээлүүдтэй тулгараад буй хөдөө аж ахуйн салбарт учрах дарамтыг нэмэгдүүлжээ.
