Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 27 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-гийн үеэр оролцогчдын тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тусгайлан бэлтгэсэн ажилтнууд цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, ариутгал, халдваргүйжүүлэлт, зам чийгшүүлэх, ус зөөвөрлөх зэрэг ажлыг хариуцан, олон улсын хэмжээний хурлын стандартыг ханган ажиллаж байна.
“Охь мандал” компанийн ерөнхий захирал Б.Жавцан, “Манай компани цэнхэр бүсийн гадна орчны цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Олон улсын хэмжээний хурал учраас бид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж байгаа. Цэвэрлэгээний ажил явж байгааг зочдод мэдэгдэхгүйгээр орчныг үргэлж цэвэр, эмх цэгцтэй байлгахыг зорьж байна. Мөн ажилтнуудын хувцаслалт, зохион байгуулалт, дэг журам, харилцаа, хандлага зэрэгт онцгой анхаарч, олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байгаа. Энэ удаагийн хуралд дэлхийн 197 орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа. Зочид, төлөөлөгчдийг цэвэр, аюулгүй, тав тухтай орчинд байлгахын төлөө хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэхийг зорьж байна. Хуралд оролцож буй зочид, төлөөлөгчдөөс бидний хийж буй ажилд талархал илэрхийлж байгаа нь бидэнд урам өгч байгаа” гэв.
“Баяндэмбэрэл” компанийн захирал Э.Өвгөнхүү, “Энэ удаагийн COP17-гийн үеэр дэлхийн 197 орны 8 мянга орчим төлөөлөгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 20-25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Бид ариутгал, халдваргүйжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглан 34 га талбайд халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэв. Тухайлбал, орчин үеийн мананцаржуулагч төхөөрөмж ашиглан халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Тус төхөөрөмж нь 5-50 микроны диаметртэй бичил дуслаар бодисыг цацах боломжтой. Халдваргүйжүүлэлтийн ажлыг илүү үр дүнтэй, хялбар, шуурхай гүйцэтгэхэд ихээхэн дөхөм болдог” гэв.
“Эко эрин тохижилт” компанийн захирал Н.Лхагвасүрэн ярихдаа, “Манай компани зам чийгшүүлэх, цэвэр, бохир ус зөөвөрлөх зэрэг ажлыг хариуцаж, цэнхэр, ногоон бүсэд 12 хүний бүрэлдэхүүнтэй, долоон авто машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм. Бид энэ хугацаанд ачаалалтай, хариуцлагатай ажиллаж, үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад анхаарч байна. Одоогоор цэнхэр бүсэд ямар нэгэн хүндрэл, асуудал гараагүй. Харин ногоон бүсэд нэвтрэлт харьцангуй чөлөөтэй байгаа учраас иргэд ирж үзэж сонирхох нь нэмэгдэж, ачаалал тодорхой хэмжээгээр өссөн. Гэсэн хэдий ч ачаалал нэмэгдсэн үед тухайн өдөр шаардлагатай нэмэлт авто машин, техник хэрэгсэл, хүн хүчийг шуурхай нэмж ажиллуулж байна. Ингэснээр ажлыг ямар нэгэн саад, зөрчилгүйгээр хэвийн явуулж байгаа” гэв.
“Алтан чадамж” байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтан М.Болоржин “Бид COP17-гийн хурал, уулзалтуудын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна. Тухайлбал, хүндэт зочны гэр, хурлын танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байгаа. Гаднын, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах орчин нөхцөлийг цэвэр, цэмцгэр, тав тухтай байлгахын төлөө манай хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна. Манай ажилтнуудын ихэнх нь тодорхой хэмжээнд англи хэлээр харилцах чадвартай тул өдөр тутмын үйл ажиллагаанд хэлний бэрхшээл төдийлөн гардаггүй. Шаардлагатай тохиолдолд сайн дурын ажилтнуудын тусламжтай англи хэлээр харилцах боломжгүй ажилтнууд зочид, төлөөлөгчидтэй ойлголцож, үйлчилгээгээ хэвийн явуулж байна. Манай ажилтнуудтай харилцаж байгаа зочид, төлөөлөгчид маш найрсаг, эелдэг байгаад бид бүхэн талархаж байгаа. Хурал, уулзалтын үеэр зочдод тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллана” хэмээн ярилаа.