Бельги улсад төвтэй олон улсын нөлөө бүхий «Brussels Morning» цахим сонинд олон улсын улс төрийн эрсдэлийн шинжээч Максимилиан Хесс Монгол Улсын эрчим хүчний хамаарал, түүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн орчны эрсдэлийг хөндсөн аналитик нийтлэл гаргажээ.
Тус нийтлэлд Монголд үүссэн шатахууны хомсдолыг дэлхийн геополитикийн хямрал хамгийн бодитоор туссан цэг хэмээн онцлоод, «Хэрэв та дэлхийн эрчим хүчний хямрал хаана хүчтэй нөлөөлж байгааг харахыг хүсвэл олон улсын усан зам, Ормузын хоолой руу бус, Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд руу харах хэрэгтэй» гэж бичсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас жолооч нарт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой байхаас хамаарч өнжөөд шатахуун авах шийдвэр гаргаж, худалдан авалтын хэмжээг бакны гуравны нэгээс хэтрүүлэхгүй байх хатуу хязгаарлалт тогтоосон. Үүний дараахан АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улс даяар үүссэн шатахууны хомсдолыг тандаж, иргэддээ нэн шаардлагатай бус бүх аяллыг хойшлуулахыг зөвлөсөн юм.
ОХУ-аас яаралтай журмаар нэмэлт 25 мянган тонн бензин, таван мянган тонн агаарын хөлгийн түлш нийлүүлэхээр тохиролцсоны дараа наймдугаар сарын 18-нд дээрх хязгаарлалтыг цуцалсан ч энэ нь зөвхөн богино хугацааны гал унтраах шийдэл байв. Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дрон ашиглан цохилт өгсөөр байгаа нь Оросын дотоодын нийлүүлэлтэд цаашид ч хүндрэл учруулах нь тодорхой байна.
Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг түүхэндээ бараг бүрэн хангаж ирсэн Ангарскийн үйлдвэр одоогоор халдлагад өртөөгүй байгаа ч нөхцөл байдал цаашид илүү эгзэгтэй түвшинд хүрэх эрсдэлтэй. Кремлийн тусламж хэзээ ч үнэ төлбөргүй байдаггүй бөгөөд Москва үүний хариуд юу шаардах нь тодорхойгүй хэвээр байна.
Зөвхөн дизель түлш болон бензиний импорт өнгөрсөн жил Монгол Улсын нийт импортын гуравны нэгийг бүрдүүлсэн. Импортын хэмжээ сүүлийн хорин жил орчмын хугацаанд тав дахин өсөж, 2025 оны байдлаар 2.7 сая тоннд хүрсэн бөгөөд эрэлт жилд 14 хувиар өсөж байна. Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай бөгөөд уул уурхай нь дизель түлшнээс бүрэн хамааралтай.
Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэргүй бөгөөд Энэтхэг улсын санхүүжилтээр 2018 оноос хойш барьж буй үйлдвэр 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Тэр болтол түлшний 97 орчим хувь нь Оросоос нийлүүлэгдэх бөгөөд тус улсын боловсруулах үйлдвэрүүд Украины дроны халдлагад дараалан өртсөөр байна.
Оросын үйлдвэрүүд ганцхан сарын дотор 18 үйлдвэртээ цохилт авсны улмаас газрын тос боловсруулалтын хэмжээ нь өдөрт 3.6 сая баррель болж буурсан нь 2002 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байгаа юм. Москва бензин, дизель түлшний экспортоо бүрэн хориглож, өөрөө түлш импортолж эхэлсэн бөгөөд Монгол Улс зөвхөн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тусгай квотоор түлшээ авч байна.
Улаанбаатар өөр эх сурвалж хайж эхэлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Сөүл хотод очиж GS Caltex компанитай квот болон тээвэрлэлтийн талаар тохиролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс PetroChina компанийн дотоодын охин компани болон Казахстан улстай хэлэлцээ хийж байна. Гэвч эдгээр алхмууд хямд тусахгүй. Далайд гарцгүй, нөөцлөх агуулахгүй зах зээлд шатахууны баррель бүрийг тээвэрлэж авчрах зардал өндөр бөгөөд Хятадаас хамааралтай болох нь нэг хамаарлыг нөгөөгөөр солих эрсдэлийг дагуулж байна хэмээн нийтлэлд дурджээ.
Эх сурвалж: Brussels Morning Newspaper
