ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /NYT/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2027 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах зардалд тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн их буюу 1.5 их наяд ам.доллар төсөвлөхийг Конгрессоос хүссэн тухай The New York Times сонинд мэдээлжээ.
Батлан хамгаалахын зардлыг ийнхүү огцом нэмэгдүүлснээ тэрбээр Ирантай хийж буй дайн үргэлжилж байгаа болон зэвсгийн нөөц шавхагдсаныг нөхөх шаардлагатай байгаатай холбон тайлбарлаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, улс орноо хамгаалах нь нийгмийн хөтөлбөрүүдээс илүү чухал бөгөөд тэрбээр эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсролын санхүүжилтийг муж улсуудад шилжүүлэхийг санал болгожээ.
Төсвийн үндсэн хэсэг буюу 1.1 их наяд гаруй ам.долларыг стандарт төсвийн журмаар, харин үлдсэн 350 тэрбумийг “budget reconciliation” механизмаар батлахаар төлөвлөж байна. Энэхүү механизм нь АНУ-ын Конгрессын тусгай процедур бөгөөд зардал, орлого (татвар) эсвэл улсын өрийн хязгаарт нөлөөлөх хуулиудыг Сенатад ердийн олонхын саналаар (51 санал) батлах боломжийг олгодог ба хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг жил бүрийн төсвийн зорилтуудтай нийцүүлэхэд ашигладаг. Үүний зэрэгцээ Цагаан ордон дотоод зардлаа 73 тэрбум ам.доллароор танах санал гаргасан бөгөөд үүнд уур амьсгалын өөрчлөлт, орон сууц, боловсролын хөтөлбөрүүд хамгийн их өртөхөөр байна. Харин хүчний байгууллагуудын санхүүжилт нэмэгдэх бөгөөд хил хамгаалах, албадан гаргах ажиллагаанд нэмэлт санхүүжилт хуваарилж, Хууль зүйн яамны төсөв 13 хувиар өсөж магадгүй байна.
Конгрессын гишүүд 2026 оны төсвийг хэлэлцэх үед нийгмийн зардлыг ийм байдлаар танах саналыг өмнө нь буцааж байсан бөгөөд одоогийн саналууд ч мөн адил эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байна. Шинжээчдийн анхааруулж буйгаар, энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл ирэх арван жилд улсын өрийг хэдэн арван их наяд доллароор нэмэгдүүлэх эрсдэлтэй ажээ. Төсвийн хүсэлтийн бүрэн эхийг хараахан нийтлээгүй байна.