ШИНЕ ДЕЛИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /TASS/. Ормузын хоолой хаагдаад байгаа, мөн АНУ, Израил улсууд Ирантай дайтаж буй энэ үед Энэтхэг улс Иранаас нефть худалдан авах ажиллагаагаа сэргээжээ. Энэ тухай тус улсын Газрын тос, байгалийн хийн яам бямба гарагт X нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна.
“Ойрх Дорнодод нийлүүлэлт тасалдаж буй нөхцөлд Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай хэмжээний түүхий нефтийг Иран зэрэг улсуудаас ханган авч чадлаа” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Тус яам мөн Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц төлбөрийн асуудлаас болж Энэтхэгээс Хятад руу чиглэлээ өөрчилсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. “Тархаад буй цуу ярианаас ялгаатай нь Ираны газрын тосны импортын төлбөр тооцоог төлөхөд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй” гэж яамнаас мэдэгдээд Энэтхэг мөн Иранаас 44 мянган тонн шингэрүүлсэн хий хүлээн авсныг мэдээлсэн байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Иранаас Энэтхэг рүү газрын тосны нийлүүлэлт 2019 онд зогсжээ.
Гуравдугаар сарын 20-нд Дональд Трампын засаг захиргаа далайгаар тээвэрлэж байгаа Ираны газрын тосыг худалдан авахыг хязгаарласан хоригийг 30 хоногийн хугацаатай цуцалсан юм. CNN агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, Вашингтон эрчим хүчний хямралаас үүдэлтэй нөлөөг зөөлрүүлэх гол хөшүүргүүдээ ашиглаж дууссан тул ийм алхам хийхэд хүрчээ.
Энэтхэг ОХУ-аас газрын тос худалдан авахыг зөвшөөрсөн АНУ-ын лицензийн хугацаа дөрөвдүгээр сарын 4-нд дууссан байна. АНУ, Израил болон Ираны хоорондох дайн, мөн Техранаас Ормузын хоолойг хаасны улмаас үүссэн дэлхийн эрчим хүчний хямралын улмаас АНУ-ын засаг захиргаа Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг хоригоос түр чөлөөлсөн юм. Тодруулбал, Энэтхэгт гуравдугаар сарын 5-наас өмнө танкерт ачигдсан Оросын нефтийг худалдан авахыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл зөвшөөрсөн байна. Энэ зөвшөөрөл нь зөвхөн Энэтхэг рүү тээвэр хийж буй хөлөг онгоцнууд болон Энэтхэгийн компаниудын худалдаж авсан нефтэд хамаарч байжээ.