КИШИНЕВ, 2026 оны нэгдүгээр сарын 20 /DW/. Молдова улсын парламент тус улсыг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ бүрэлдэхүүнээс гаргахыг эцсийн байдлаар дэмжиж, гол чухал гэрээнүүдийг хүчингүй болгох тухай баримт бичгийг баталжээ.
ТУХН дэх Молдова улсын гишүүнчлэлийг тодорхойлж буй суурь гурван хэлэлцээрийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хоёр дахь бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр баталсан байна.
Энэхүү төслийг батлахыг парламентын 101 гишүүний 60 нь дэмжсэний дотор эрх баригч “Үйл ажиллагаа ба эв нэгдэл” намын болон бусад хэд хэдэн гишүүд багтжээ. Харин Коммунист болон Социалист намаас сонгогдсон депутатууд эсэргүүцсэн санал өгсөн байна.
Коммунистуудын удирдагч Владимир Воронин ТУХН-ийн бүрэлдэхүүнээс гарахыг “тус улсын хувьд эмгэнэл” гэж нэрлээд, эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэж анхааруулжээ.
ТУХН-ийн бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг Молдовагийн эрх баригчид нэгдүгээр сард эхлүүлсэн бөгөөд тухайн үед Засгийн газар уг шийдвэрийг дэмжжээ. Одоо уг баримт бичгийг Ерөнхийлөгч Майя Сандуд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.
Тус улсын Гадаад хэргийн сайд Михай Попшой өмнө нь мэдэгдэхдээ, Молдова улс ТУХН-ийн хүрээнд байгуулсан бүх хэлэлцээрээс бүрмөсөн татгалзах төлөвлөгөөгүй байгааг хэлж байсан юм. Түүний хэлснээр, эдийн засгийн үр өгөөжтэй эсвэл иргэдэд нэн чухал ач холбогдолтой хэлэлцээрүүдийг хэвээр үлдээх бөгөөд ингэхдээ тэдгээр нь тус улсын Европын интеграцчилалын чиг шугамтай зөрчилдөхгүй байх ёстой ажээ.
2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Молдовaд ТУХН-ийн талаарх байр суурь өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд тухай үед Майя Санду Европын Холбоонд нэгдэхэд чиглэсэн бодлогоо зарлаж, Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтуудад оролцохоос татгалзсан юм. Тус улсын Засгийн газар 282 гэрээний 120 гаруйг нь хүчингүй болгохоор 2023 оны хоёрдугаар сард төлөвлөсөн бөгөөд ингэхдээ хамгийн чухал, улсад ашигтай гэрээнүүдийг хэвээр үлдээжээ.