ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний A-10 дайрагч онгоцыг Ормузын хоолойн орчимд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр амдан сөнөөсөн гэж Ираны цэргийнхэн баасан гаргийн орой мэдэгджээ. “Америкийн A-10 онгоцыг армийн агаарын довтолгооноос хамгаалах систем сөнөөсөн, уг онгоц Персийн булангийн усанд унасан” гэж Ираны төрийн телевиз, радиогийн IRIB компани армийн мэдэгдлээс эш татан дамжуулсан байна.
Үүнээс өмнө The New York Times сонинд АНУ-ын хоёр албан тушаалтны ярьсныг эш татан бичихдээ, АНУ-ын Агаарын цэргийн хүчний A-10 Thunderbolt II дайрагч онгоц Персийн булангийн бүсэд осолдсон гэсэн байна. Эх сурвалжуудын хэлснээр, онгоц Ормузын хоолойн ойролцоо унасан бөгөөд нисгэгчийг аварч чаджээ. Онгоц сүйрсэн шалтгааны талаар мэдээлээгүй байна.
Сүүлийн 24 цагт унасан АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр дахь байлдааны онгоц
Энэхүү дайрагч онгоц нь сүүлийн 24 цагийн дотор Ойрх Дорнодод алдсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр дахь байлдааны онгоц болж байна. Өмнө нь баасан гарагт Исламын хувьсгалт гвардын корпус мөн Ираны агаарын довтолгооноос хамгаалах хүчин Америкийн сөнөөгч онгоцыг сөнөөж чадсан гэж мэдэгджээ. Эхэндээ Ираны тал F-35 онгоцыг сөнөөсөн гэж мэдээлсэн боловч шинжээчид онгоцны сэгийн зургийг судалсны үндсэн дээр F-15E онгоц байсныг тогтоожээ.
АНУ-ын засаг захиргаа байлдааны онгоцоо алдсан гэдгийг баталжээ. Нисгэгчдийг эрэн хайх ажиллагаанд хоёр тал оролцож байна. Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, багийн хоёр гишүүний нэгийг аварсан бол нөгөө нисгэгчийн хувь заяа тодорхойгүй хэвээр байна.