Японы төв хэсгээр есдүгээр сарын 8-нд аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлаад байна. Зам, төмөр зам болон бусад дэд бүтэц усанд автаад буй тул бүс нутгийн оршин суугчдыг яаралтай аюулгүй газар очихыг эрх баригчид зөвлөжээ.

Гифү болон Айчи мужуудаар урсан өнгөрдөг Шонай голын орчимд үерийн хамгийн өндөр буюу 5-р түвшний сэрэмжлүүлгийг зарласан. Айчи мужийн Нагояа хотод л гэхэд нэг цагийн дотор 104 миллиметр хур тунадас орсон байна. Мужийн захиргааны мэдээлснээр дөрвөн хүн хөнгөн гэмтэл авсан бол 2700 орчим хүн нүүлгэн шилжүүлэх байранд толгой хоргодож байна. Мөн тус хотод есдүгээр сарын 19-нд эхлэх Азийн наадмын зарим байгууламжид борооны ус нэвтэрчээ. Автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor”-ын төв байр ч бас Айчи мужид байрладаг.

Цаг уурын агентлагийн мэдээлснээр Айчи болон Гифү мужийн зарим хэсэгт шугаман борооны зурвас гэх зүйл үүссэн байна. Энэ нь нэг газарт хэдэн цагийн турш үргэлжилсэн хүчтэй бороо орох үзэгдэл юм. Шугаман борооны зурвас Токио, Сайтама, Чиба, Канагава, Осака, Хёго зэрэг мужид ч үүсч болзошгүйг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн