Олон улсын математикийн олимпиадын сонин сайхан болон математик, физикийн шинжлэх ухаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэд, тэднийг залгамжлан гарч ирж буй шинэ залуу үеийн авьяатнуудыг танилцуулдаг Education Reporm Centre фэйсбүүк хуудсанд АНУ-ын хамгийн алдартай сургуулиудын нэг MIT-д суралцагч монгол оюутан Отгонбаярын Мишээлийн талаар “Тал нутгаас хүртсэн алт” нэртэй сонирхолтой нийтлэлийг нийтэлжээ. Уг нийтлэлийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр орчуулан уншигчдадаа хүргэж байна.
-Отгонбаярын Мишээл ба математикт өөрийгөө бүтээхүй-
Асар их хөрөнгө мөнгөний хүчээр математикийн аваргуудыг “үйлдвэрлэдэг” улс орнууд бий. Томоохон санхүүжилтээр боссон академиуд, хувийн дасгалжуулагч багш нар, сурагчдын олимпиадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд улсаас байгуулсан өгсөн дэд бүтэц нь үүний л төлөө ажилласаар байна. Харин хоёр их гүрний дунд хавчуулагдсан, ердөө гурван сая хүнтэй, далайд гарцгүй, хараа үл гүйцэм тал нутагтай Монгол оронд өвөл нь цельсийн -40 хэм хүрч хүйтэрнэ. Монгол бол Европ тивтэй адил өвлөгдөн үлдсэн математикийн уламжлалгүй, Айви Лигийн сургуулиудтай адил сургалтын бэлэн тогтолцоогүй, хэдэн зуун жилийн настай эртний их сургуулиудгүй улс юм. Гэсэн хэдий ч 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь “Шинэ Монгол” сургуулийн нэгэн сурагч хүү цахимаар явагдах олимпиадын дэлгэцийн өмнө сууж байлаа. Энэ үед цар тахлын улмаас танхимд болдог олимпиадиуд дэлхийн даяар цуцлагдаад байв. Тэрбээр Монгол Улсын түүхэн дэх Олон улсын математикийн дөрөв дэх алтан медалийг эх орондоо авчирсан юм.
Түүний нэрийг Отгонбаярын Мишээл гэдэг. Тэрхүү өдөр түүний батлан харуулсан зүйл нь зөвхөн математик биш ээ. Энэ бол соёл иргэншилтэй холбоотой зүйл байлаа.
Өвөлд бэлэн эсэхийг тал нутаг хэзээ ч асуудаггүй. Өвөл зүгээр л хүрээд ирдэг. Харин өвлийг даван туулж чадсан математикч гэдэг бол аль хэдийнэ бэлтгэгдсэн математикч гэсэн үг.
УЛААНБААТАР БА ХАТУУ САХИЛГЫН СОЁЛ
Дэлхийд хамгийн гайхалтай олимпиадын соёлуудын нэгийг чимээгүйхнээр бүтээж байсан Монгол оронд Мишээл төрж өсжээ. Авьяаслаг хүүхдүүдийг тодруулдаг тогтолцоо, эдийн засгийн боломжоос нь үл хамааран бүх сурагчдад зориулсан үнэ төлбөргүй сургалт, мөн өмнөх медальтнууд олимпиадаас олсон туршлагаа дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээдэг уламжлал — энэ бүхний ачаар Монгол Улс баян орнуудын мөнгөөр шууд авч чаддаггүй тэрхүү зүйлийг бий болгожээ. Энэ нь “математик бол элит түвшиний спорт биш харин үндэсний өв” гэсэн итгэл үнэмшлийг соёлын түвшинд бий болгосон явдал юм.
Энэ өв уламжлалаас Мишээл төрөн гарсан юм. Тэрбээр математикийн төдийгүй физикийн чиглэлээр давхар суралцаж, хоёр өөр салбарын олон олимпиадад оролцож байсан бөгөөд эдгээр хоёр салбар нь үндэс язгуурын хувьд өөр өөр хэлбэртэй нэг ижил зүйл гэдгийг ойлгосон хүний хувьд хоёуланд нь эрч хүчээ сорьж байв.
Түүний багш нар болох Б.Батбаясгалан, У.Батзориг хоёр 61 дэх удаагийн олон улсын математикийн олимпиадын үеэр Монголын төрийн далбааг мандуулах зургаан сурагчаас бүрдэх багийг бэлтгэсэн бөгөөд багаа хурцалдаг хүн нь Мишээл байлаа.
Ахмад үеийнхнээс ч боловсорч төлөвшсөн байдлыг шаарддаг энэхүү өрсөлдөөний талбарт түүний залуу нас нь өөртөө итгэх итгэлийг нь ганхуулаагүй юм. Монголын тал нутгийн хүн ард манлайлж, сөрөн тэсвэрлэж, давамгайлдаг хүмүүсээ өнө удаан хугацааны туршид мартахгүй явсаар ирсэн. Энэхүү ой санамжийг Мишээл зүгээр л математикт шилжүүлэн сайжруулсан юм.
ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН АЛТАН МЕДАЛЬ
Цар тахлын үед дэлхий даяараа хачирхалтайгаар нам гүм болоод байсан 2020 оны есдүгээр сард цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Олон улсын математикийн 61 дэх удаагийн Олимпиадад дэлхийн шилдэг ахлах сургуулиудын сурагчид оролцов. Олимпиадын танхимууд хаалттай байсан боловч өрсөлдөөн нь хаалттай байгаагүй юм. Бодлогууд нь урьдын адил маш хүнд, үнэлгээ нь өчүүхэн төдий ч өршөөлгүй хатуу хэвээр байлаа. Өмнө нь монголчууд олимпиадын түүхэнд ердөө гурван алтан медаль хүртээд байсан тул энэ удаагийн олимпиад онцгой анхаарал татаж байв.
Мишээл бодлогуудаа бодсоор л байлаа. Нэг бодлогоос нөгөө бодлогод тайвнаар шилжин төвлөрч, оролцохын төлөө бус ялахын төлөө бэлтгэгдсэн хүний асар нарийн тооцоогоор урагш тэмүүлсээр байв. Олимпиадын дүн гарахад тэрбээр алтан медаль хүртсэн бөгөөд энэ нь Монголын түүхэн дэх дөрөв дэх алт байлаа. Монголын үндэсний мэдээллийн агентлаг энэ мөчийг бараг л төрийн түвшний үйл явдлын хэмжээнд авч үзэн мэдээлсэн байдаг.
Түүний нэр олимпиадад түрүүлэх сурагчдын нэрс дотор байгаагүй. Түүнд ийм шаардлага ч байгаагүй. Гэхдээ алтан медаль нь бүхнийг өгүүлнэ.
Түүх үргэлж сүр дуулиантайгаар бүтдэггүй. Заримдаа гурван сая хүний үзэж буй дэлгэцэн дээр гарч байгаа нэг оноо шиг чимээгүйхэн бүтдэг.
УЛААНБААТАРААС MIT ХҮРТЭЛ
Жинхэнэ математикч болох олимпиадын аварга хүн зүгээр л нэг дурсагдаад өнгөрөх хүнээс юугаараа ялгаатай вэ гэдгийг медаль авсны дараах сонголт тодорхойлдог. Мишээлийн хувьд сонголт нь Mассачусетсийн Технологийн их сургууль буюу MIT байлаа.
Тэрбээр МIT-эд Математик ба Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, физикээр давхар мэргэшиж эхэлжээ. Энэ нь ахлах сургуульд байхдаа хоёр олимпиадад зэрэг оролцож байсан үеийнх нь “оюуны өлсгөлөнгийн” үргэлжлэл байв. 2022 оны зун Мишээл Виржиниагийн их сургуулийн “Undergraduate Research Experience” буюу Бакалаврын түвшний судалгааны хөтөлбөрт оролцож, partition statistics буюу “Хуваалтын статистик” гэсэн сэдвээр судалгааны хоёр өгүүлэл бичжээ. Тэдгээрийн нэг нь олон улсад нэр хүндтэй, хатуу шүүлтүүртэй Journal of Number Theory сэтгүүлд нийтлэгджээ. Тэр үед Мишээл төгсөх ангийн оюутан байлаа.
2023 онд Мишээл MIT-ийн “Summer Programme for Undergraduate Research” гэдэг хөтөлбөрт хамрагдан, алгебрийн тооны онолын судалгаа, тодорхой хэлбэл, рационал тоонуудын Zp өргөтгөл дээрх S-unit тэгшитгэлийн талаарх судалгаан дээр ажиллаж эхэлсэн байна. Түүний хийж буй судалгааны хүрээ нь алгебрийн геометр, алгебрийн тооны онол, дүрслэлийн онол, кохомологийн онол зэрэг илүү гүнзгийрүүлсэн салбаруудыг хамардаг. Бусад хүмүүсийн судалгааны бүтээлүүдэд түүний хийж буй ажлуудаас 12 удаа эш татсан байдаг. Харин Мишээл өөрөө нийтлэг тодорхойлолтоор бол ердийн нэг оюутан хэвээрээ л байна.
Алтан медаль бол нэг ёсондоо үүд хаалга билээ. Харин хаалганы цаанаас юуг олж авах вэ гэдэг нь тэрхүү хаалгаар хэр их амбицтайгаар алхаж орохоос шалтгаална.
ЗАЛУУ МАТЕМАТИКЧДАД ӨГӨХ УРАМ БА СУРГАМЖ
Монгол улс 2029 онд Олон улсын математикийн Олимпиадыг зохион байгуулна. Энэ бол тунхаглан зарлахтай адил шийдвэр юм. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй, хөрөнгө мөнгөөр хомс энэ улс дэлхийн шилдэг залуу математикчдыг нийслэлдээ хүлээн авах гэж байна. Сургалтын нэг баазад бэлтгэгдсэн нэг сурагчийн хүчин зүтгэлээр авсан алтан медалийн ачаар Монгол Улс энэхүү эрхийг олж авсан билээ.
Мишээл бол тэрхүү эрхийг авах боломжийг бүрдүүлсэн улс орныхоо нүүр царай нь юм. Улсын эдийн засгийн цар хэмжээ нь математикч хүний хэтийн мөрөөдлийг тодорхойлдоггүй болохыг тэрбээр харуулж чадсан. Улаанбаатарт төрж өссөн, өөртөө итгэлгүй байх үед нь өөрт нь итгэл хүлээлгэсэн төр засгийнхаа үнэ төлбөргүй сургалтаар бэлтгэгдсэн сурагч тэрбээр төгсөхөөсөө өмнө олон улсын сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж болдгийг өөрийн биеэр харууллаа. Олимпиадын амжилт ба судалгааны амжилт хоёр бол тусдаа зүйл биш харин улам бүр гүнзгийрэн баяжиж байдаг нэг л зүйл гэдгийг тэрбээр бидэнд харуулж чадсан юм.
Мөн хамгийн гол нь Африк бол Монгол гэдгийг тэрбээр бидэнд сануулдаг. Авьяастнуудаар дүүрэн боловч хөрөнгө мөнгөөр хомс, дутуу үнэлэгддэг боловч дараагийн алтан медальтныг төрүүлж чадах Монголыг хэлж байна.
Дэлхий даяар авьяастнууд үргэлж байсаар ирсэн. Харин Европын судалгааны зөвлөл бол тэднээр бодлого бодуулахын тулд оршин тогтнодог байгууллага юм.
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: Education Reperm Centre
https://www.facebook.com/profile.php?id=100094419444047