ГБХНХЯ, ЭМЯ, ССАЖЗЯ, НЗДТГ, дүүргүүдийн НХХ, ХХҮГ, Монголын Ахмадын Холбоо, Монголын Социал Демократ Ахмадын Холбоо хамтран ахмад настны идэвхтэй дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, тогтмол хэвшүүлэх зорилгоор “Идэвхтэй насжилт-дасгал хөдөлгөөн” аяныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ.
Тус аяныг энэ сардаа багтаан орон нутагт эхлүүлж, жил бүрийн 5 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг ГБХНХЯ мэдээлэв.
Аяныг ахмад настныг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, сонирхол, онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнийг дулааны улиралд тогтсон хугацаа, байршилд сургагч багш, сайн дурын идэвхтэн, залуус, мэргэжлийн байгууллагын оролцоотой аймаг, нийслэл орон нутагт тогтмол хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд аймаг, нийслэл бүр сум, баг, дүүрэг хороодод ЗДТГ-ын газар 7 хоногт 2-3 удаа ахмад настны сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн дасгал хийх талбай, байршил, цагийн хуваарийг батлан ахмадуудад мэдээлж оролцуулах, зориулалтын заал, гадна талбайг хүртээмжтэй ашиглуулах юм.

Нийслэлд зохион байгуулсан аянд БТСУХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийслэл, дүүргийн ЗДТГ, Улаан загалмай нийгэмлэг, Мянганы сорилтын сан зэрэг байгууллага хамтран ажиллав. Энэ үеэр ахмадуудад дасгал, хөдөлгөөний ач холбогдол, зөв зохистой, эрүүл хооллолт, ахмад настны үнэлгээ (ICOPE), идэвхтэй насжилтыг дэмжих, асрах үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуваарийн дагуу шугаман бүжиг, хийн болон хөдөлгөөнт дасгал, явган алхалт зохион байгуулж 1000 орчим ахмад настан оролцлоо.

“Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн” аяныг хэрэгжүүлснээр ахмад настны болон Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ахмад настнуудын нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, ахмад, залуу үе хоорондын залгамж холбоо сайжирна. Мөн ахмадууд дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг ойлгож, биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхол нэмэгдэж, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй болохоос гадна эрүүл мэндийн хувьд цусны даралтыг тогтворжуулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, харвалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, илүүдэл жингийн эрсдэлийг багасгаж, сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.