МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 3 /РИА Новости/. Америкийн алдарт гольфчин Тайгер Вүүдс аюултай жолоодлого хийснээ хүлээн зөвшөөрснөөр жолоодох эрхээ таван жилээр хасуулсан тухай телевизийн ABC суваг мэдээлжээ.
“Т.Вүүдс лхагва гарагт Флорида муж улсын шүүхэд ирж, согтуурсан үедээ автомашин жолоодсон гэх хэрэгт өгсөн мэдүүлгээ өөрчилсөн…Шүүгч түүний жолоодох эрхийг таван жилээр хасах шийдвэр гаргалаа” гэж мэдээнд дурдсан байна.
Энэ оны гуравдугаар сард Вүүдс Флоридагийн нарийхан зам дээр хурд хэтрүүлэн давхиж, ачааны машиныг гүйцэж түрүүлэхээр оролдох үед машин нь хөмөрчээ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө “радиогоо асаах үед анхаарал сарнисан” гэсэн байна.
Өдгөө 50 настай Вүүдс тухайн үед алкоголийн сорил өгсөн боловч өөр төрлийн бодисын сорил өгөхөөс татгалзжээ. Цагдаагийн газарт тэрбээр мэдүүлэхдээ, эмчийн заавраар зарим төрлийн эм хэрэглэсэн гэдгээ хэлсэн байна. Түүний халаасанд хоёр капсул “гидрокодон” гэдэг эм байжээ. Энэ бол кодеин болон тебаин алкалоидууд дээр суурилан гаргаж авдаг опиоидын өвчин намдаах эм бөгөөд тамирчид түүнийг гэмтэл авсны дараа хүчтэй өвдөх үед хэрэглэдэг байна. Цагдаагийн тайланд дурдсанаар, баривчлах үед түүний хүүхэн хараа томорч, нүдэнд нь цус хурсан байжээ. Уг ослын дараа Вүүдс эмчилгээ хийлгэхийн тулд гольфоо түр орхисон байна.
Вүүдс бол “Мейжор” цуврал тэмцээнүүдэд 15 удаа, тэдгээрийн дотор “Мастерс” тэмцээнд 5 удаа түрүүлсэн алдартай гольфчин юм. Тэрбээр 2021 онд осолд орж, шилбэ ба шагайндаа мэс засал хийлгэж байжээ.