Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн салбар сургуулиудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд энэ удаа МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд ажиллалаа.
Тус сургууль нь 900 гаруй суралцагчтай бөгөөд багш, дүрслэх урлаг, дизайн технологи, дизайн зураг зүй, график дизайн, мультмедиа дизайн, хувцас дизайн, уран зураг, техник спортын дасгалжуулагч зэрэг хөтөлбөрөөр сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнууд сургалтын байрны зай талбай, анги танхимын хүрэлцээ муу байгаа талаар танилцуулж, сургалтын хэрэгцээг хангахын тулд сургуулийн өргөтгөл барих шаардлагатай байгааг онцлов.
Мөн өргөтгөлийн хүрээнд лекцийн танхим, арт галерей, хувцас загварын үзүүлбэр болон олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой олон зориулалттай томоохон танхим байгуулах саналуудаа уламжилсан юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, багш ажилтнуудын санал хүсэлтийг сонсон, цаашид бүтээлч үйлдвэрлэл, урлаг, дизайны чиглэлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын орчныг сайжруулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

