Олон улсын авто тээврийн хэрэгслийн даатгалын шинэ систем бий болгох санаачилгыг дэмжихийг хүслээ

Монгол Улс “Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын авто тээврийн тээврийн хэрэгслийн даатгалын шинэ систем бий болгох санаачилга”-ыг НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст гарган, тус бүс нутгийн гишүүн орнуудын дунд хэрэгжүүлэхийг зорьж байна. 

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) гишүүн орнууд, Азийн хөгжлийн банк нь энэ санаачилгын зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжинэ гэж итгэж буйгаа ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Улаанбаатар хотноо энэ сарын 11-12-нд болж буй КАРЕК хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөний үеэр онцлов. Тэрбээр бүс нутгийн тээврийн эрсдэлийг багасгах, хил дамнасан тээврийн найдвартай байдлыг нэмэх зорилгоор олон улсын авто тээврийн даатгалын хамрах хүрээний тухай хөндөхдөө, даатгалын энэ систем нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн олон оронд ашиг тустай тул Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд дэмжихийг хүсэж байгаагаа илэрхийллээ. 

Олон улсын авто тээврийн хэрэгслийн даатгалын шинэ систем бий болгох санаачилгыг дэмжихийг хүслээ

Учир нь манай улс “Олон улсын автотээврийн харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 20 улстай байгуулан, тээвэр хийдэг. Европын бүс нутагт голдуу хэрэгждэг авто тээврийн даатгалын “Ногоон картын систем”-д нэгдэх хүсэлтээ НҮБ-ын Тогтвортой тээврийн хэлтсээр дамжуулан гаргасан ч 2021 онд газар зүйн байршлын улмаас уг системд нэгдэх боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн байдаг. 

Манай улсын хувьд далайд гарцгүй КАРЕК-ын коридорууд нь гадаад худалдаа, тээврийн гол гарц бөгөөд Монгол Улсын Засгийн газар Ази, Европыг холбосон газар зүйн стратегийн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байгааг ЗТЯ мэдээллээ.

Дэлхий дахины геополитик, гео-эдийн засгийн хурдтай өөрчлөлтийн энэ үед КАРЕК хөтөлбөр нь үүсээд буй нөхцөл, гишүүн орнуудын хэрэгцээнд нийцсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн холболт, худалдаа, эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрт нэгдсэнээс хойш АХБ, бусад хөгжлийн түнштэй хамтран зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх, боомтын даацыг нэмэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал 2024 онд дээрх хөтөлбөртэй холбоотой 19 төсөлд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Үүнээс 66 хувь нь буюу 978 сая ам.долларыг тээврийн салбарын 12 төсөлд зарцуулсны 9 нь АХБ-ны санхүүжилттэй байжээ.

Олон улсын авто тээврийн хэрэгслийн даатгалын шинэ систем бий болгох санаачилгыг дэмжихийг хүслээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн