Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-гийн хүрээнд Уур амьсгалын тухай хуулийн хэрэгжилт, зах зээлийн боломжуудыг хэлэлцэв.
Монгол Улс уур амьсгалын салбарын бие даасан, түүхэн ач холбогдолтой анхны хуулиа баталсан. Хууль батална гэдэг нь 50 хувь, харин хуулийн хэрэгжилтийг хангуулах чухал ажил бий гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээлтийн үгэндээ онцлов.
Эхний зургаан сарын хугацаанд 7 журам баталсан нь хэрэгжилтийг дэмжих томоохон алхам болсон. Хэрэгжилтийг хангах, хянах болон бусад шаардлагатай журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлж эхлэх нь дараагийн хамгийн чухал ажлууд гэдгийг дурдав.
Хэлэлцүүлэгт хуулийн заалтыг тайлбарлаад зогсохгүй төрийн байгууллага, малчид, орон нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын амлалтуудыг бодит ажил хэрэг болгоход хэрхэн нөлөөлөх талаар санал солилцлоо.
ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад техникийн болон арга зүйн туслалцаа үзүүлжээ. Өнөөдөр үндэсний түншүүдийн хамт уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Тус үйл ажиллагааны үеэр шинэ хууль нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн зорилтууд, хувийн хэвшилд бий болох боломжууд, уур амьсгалын санхүүжилт болон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт (MRV)-ын нэгдсэн системд хэрхэн нөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулсан үйл явцын тухай богино хэмжээний баримтат киног анх удаа дэлгэцнээ гаргаж, тус хуулийн шаардлага болон зорилгыг тайлбарласан хоёр хэл дээрх шинэ товхимлын нээлтийг хийв.



