СИНГАПУР, 2026 оны есдүгээр сарын 7 /Reuters/. Сингапурын сайд нарын цалингийн асуудлыг энэ долоо хоногт парламентын чуулганаар хэлэлцүүлнэ. Чадварлаг боловсон хүчнийг татах, авлигалаас сэргийлэх зорилгоор улс төрийн албан тушаалтнуудадаа асар өндөр цалин олгодог тус хот-улсад энэ нь олон нийтийн анхаарлыг татсан, эмзэг асуудал юм.
Сингапурын улс төрийн удирдагчид дэлхийд хамгийн өндөр цалинтай бөгөөд тус улсын дэд сайд нар жилд 1.1 сая сингапур доллар (868 055.56 ам.доллар), Ерөнхий сайд нь жилд 2.2 сая сингапур доллар (1.74 сая ам.доллар) авдаг ажээ.
Сайд нарын цалинд 2012 оноос хойш өөрчлөлт оруулаагүй байна. Тухайн үед тэдний цалинг 36 хувиар бууруулсан нь төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хэт өндөр байна гэсэн олон нийтийн дургүйцлийг намжаах зорилготой байжээ.
2025 онд сарын дундаж орлого нь 5 775 сингапур доллар байсан Сингапурын хүн амын хувьд сайд нарын цалин эмзэг асуудал хэвээр байгаа бөгөөд үүний зэрэгцээ долоодугаар сард инфляц хоёр хувьд хүрч өссөн бөгөөд Төв банкны тооцоолсноор, уг үзүүлэлт 2027 оны хоёрдугаар хагас хүртэл өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Ашгийн бус “PoliticalSalaries.com” байгууллагын мэдээллээр, Хонконгийн засаг захиргааны тэргүүн жилийн 719 000 ам.долларын цалингаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бол түүний араас Швейцарын Ерөнхийлөгч 606 мянган ам.долларын цалинтайгаар жагсаж байна. Харин Их Британийн Ерөнхий сайд жилд 230 мянган ам.доллар, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 400 мянган ам.долларын цалин авдаг ажээ.
2012 онд бууруулсны дараа засгийн газар 2017 онд цалинг дахин хэлэлцсэн боловч цалин нэмэх тухай хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. 2023 онд хийх ёстой байсан хоёр дахь хэлэлцүүлгийг эдийн засгийн тодорхойгүй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл хойшлуулаад байжээ.
Мягмар гарагт Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг болон Төрийн үйлчилгээний асуудал эрхэлсэн зохицуулах сайд Чан Чун Син нар сайд нарын цалингийн хорооны зөвлөмжид засгийн газрын өгөх хариуг танилцуулах бөгөөд хууль тогтоогчид энэ долоо хоногийн сүүлчээр уг асуудлыг хэлэлцэнэ.
Сингапурын Төрийн албаны цахим хуудсанд мэдээлснээр, сайд нарын цалинг тогтоохдоо тус улсын хамгийн өндөр орлоготой 1000 хүний дундаж цалинтай жишдэг. Учир нь хамгийн өндөр цалинтай 1 000 иргэний “зөв суртахуун, ур чадвар” нь Сингапурт сайн засаглал хэрэгжүүлэхэд шаардлагатай хүмүүсийн түвшнийг илэрхийлдэг” гэж засгийн газар үздэг ажээ.
Ийм өндөр цалин нь шилдэг мэргэжилтнүүдийг татах, авилгалаас сэргийлэх зорилготой тул өндөр албан тушаалтнууд авилгад холбогдох тохиолдол ховор байдаг.