Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб “Сайн санааны үйлс” өдөрлөгөө “Улаанбаатар” зочид буудлын “Гранд” танхимд 26 дахь жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгт Монгол Улсад суугаа зарим дипломат төлөөлөгчийн газар үндэсний хоол, гар урлал, бэлэг дурсгал, соёлын бүтээгдэхүүнээ худалдаалж, урлагийн үзүүлбэр толилуулсан. Монголын эмэгтэй бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнээ олон нийтэд худалдааллаа. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж, “Улаанбаатар” театрын уран бүтээлчид тоглолтоо үзүүлэв.
Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн У.Нямхүү “Манай клуб 26 дахь жилдээ “Сайн санааны үйлс” өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Жилээс жилд өргөжиж байгаа энэ өдөрлөгөөр жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоосоо сайн үйлсийн аянд хандивладаг уламжлалтай. Зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид төдийгүй олон улсын байгууллагын төлөөллүүд оролцдог. Өдөрлөгөөр дамжуулан бизнес эрхлэгчдийг холбодог учраас оролцох дуртай байдаг. Хүмүүс ам сайтай байна. Үнэ боломжийн гар урлал дэлгэсэн нь олзуурхууштай. Манай өдөрлөгийн нэг онцлог нь сугалаа. Олон сонирхолтой хонжворын эзэд тодорлоо” гэв.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве “Монголд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их, салбар бүрдээ манлайлан оролцож байгааг би мэднэ. Дипломат харилцааны салбарт ч Монголын олон эмэгтэй дипломатч амжилттай ажиллаж байна. Энэтхэгийн Элчин сайдын яам хүндэт зочноор оролцож байгаадаа баяртай байна. Бид өөрийн орны бараа, бүтээгдэхүүнээ жил бүр сурталчилж оролцдог. Энэтхэгээс Монголд ирж, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон буяны үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн дунд эмэгтэйчүүд олон бий. “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт зориулан хөрөнгө босгох зорилготой. Мөн эмэгтэйчүүдийн удирдан ажиллуулдаг жижиг болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах боломж олгож, тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө олон нийтийг нэгтгэдэг” гэлээ.
Өдөрлөгөөр бүрдсэн орлого, хандивыг нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн иргэд, хүүхэд, гэр бүлд дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн үйлсэд зориулдаг. 2024 онд Налайх дүүргийн Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд биеийн тамирын хувцас худалдан авахад 3.0 сая төгрөг, Говь-Алтай аймгийн Ахмадын хороонд эмнэлэг, биеийн тамирын тоног төхөөрөмжид 5.5 сая төгрөг, Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуульд брайл үсгийн тусгай програм худалдан авахад 2.3 сая төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн гамшигт өртсөн айл өрхийн 31 хүүхэд, Хан-Уул дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй 30 хүүхдэд 4.5 сая төгрөгийн хичээлийн хэрэгсэл хандивлаж, “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд ногоон орчин бүрдүүлэхэд 3.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын Элчин сайдын яам, Тайландын Өргөмжит консулын газраас гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнес, жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг 60 орчим нэгж оролцов. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр дахин олон үзүүлэлт аж.
Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од
