Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Ажиллагааны удирдлагын газар эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагч-тэсэлгээчин, аврагч алба хаагчдын сургалт, дадлагыг энэ сарын 1–2-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Танхимын сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулжээ. Тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой хууль, дүрэм, журам, заавар, сүүлийн жилүүдэд гарсан осол, түүний сургамж, үйлдвэрийн зориулалттай тэсрэх материалын төрөл, хор аюул, аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, устгалд тавигдах шаардлага, устгалын үеийн аюулгүй ажиллагааг онолоор заасан байна.

Онолын мэдлэгийг бататгах дадлагыг нийслэлийн Багахангай дүүрэгт байрлах “Мастер майнинг сервис” ХХК, “Кемекс” ХХК-ийн үйлдвэр, агуулахад хийж, үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцан, туршилтын тэсэлгээ хийж, туршлага солилцжээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 53 алба хаагч хамрагдсан. Тэсрэх материалтай холбоотой эрсдэлийг үнэлэх, ажиллагааг урьдчилан төлөвлөх, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөх, багийн уялдааг хангах, шуурхай ажиллах дадлагыг бодит орчинд хийсэн гэж мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн