Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, Цахилгаан холбоо автоматжуулалтын инженерүүдийн холбоо хамтран цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, гэрчилгээ олголоо.
Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 28 багц цагийн сургалтад сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогчид хамрагдсан.
Сургалтыг “Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын лаборатори”, “Автомат систем, усан хангамжийн лаборатори”-д түшиглэн явуулсан. Оролцогчид гал түймрийг эрт илрүүлэх, зарлан мэдээлэх, автомат унтраах тоног төхөөрөмж, системийн талаар онол, дадлагыг хослуулан үзсэн.
Мөн барилга, байгууламжийн галын автоматжуулалтын системд үзлэг, шалгалт хийх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа болон стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлэх арга зүйг эзэмшжээ.
