Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа. Шинэ байр ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг уялдуулан хөгжүүлэх, урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг өргөжүүлэх зорилготой.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өдөр тутмын амьдралдаа бие дааж, гэр бүл, нийгэмдээ идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих хэрэгтэй. Ахмадуудын тусламж үйлчилгээнд хөдөлгөөн, ой санамж, хараа, сонсгол, хоол тэжээл, сэтгэл зүйн хэрэгцээг цогцоор нь анхаарч, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчилгээ, сэргээн засах тусламжид цаг тухайд нь хамруулах шаардлагатай. Мөн эмнэлгээс гарсны дараа ахмад настнууд гэртээ болон амьдарч буй орчиндоо шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлэн авах тогтолцоог бий болгох нь чухал байна” гэв.
Төвд бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Шинэ байр эмчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг нэг дор уялдуулахын зэрэгцээ урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд чиглэсэн байна.
Тус төв өнөөг хүртэл 10 мянга гаруй ахмад настанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд олон улсын 15 байгууллагатай хамтран ажиллаж, 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2005 оноос хойш 1956 онд ашиглалтад орсон хуучин сүрьеэгийн диспансерийн 513 ам дөрвөлжин метр талбай бүхий 16 өрөөнд ажиллаж байжээ. Ахмад настанд төрөлжсөн тусламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, дадлагын орчныг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр шинэ барилга барих ажил эхэлж, долоон жилийн өмнө угсралтыг эхлүүлэн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж дуусгасан байна.
Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх анхны санаачилга 1966 оноос эхэлж, гериатрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, төрөлжсөн тусламжийн тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавьжээ. 1977 онд Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийг түшиглэн “Өндөр настны кабинет” байгуулсан нь ахмад настанд чиглэсэн төрөлжсөн тусламжийн анхны бүтэц болсон бөгөөд улмаар өндөр настны амбулатори, нөхөн сэргээх тусламж өргөжсөн. 1999 онд Геронтологи сэргээн засалтын төвийг байгуулснаар сургалт, судалгаа, арга зүйн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах үе эхэлжээ. 2012 онд Геронтологийн үндэсний төв болон өргөжиж, өнөөдөр геронтологи, гериатрийн чиглэлээр төрөлжсөн тусламж үзүүлэх, хүний нөөц бэлтгэх, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндэсний лавлагаа төвийн үүргийг хэрэгжүүлж байна.
