МИНСК, 2026 оны наймдугаар сарын 17 /БЕЛТА/. Германд хүчтэй ган гачиг болж байгаагаас үүдэн Рейн мөрнөөр дамждаг усан замын тээвэрт ноцтой асуудал үүсээд байна.
Тус улсын Холбооны усан замын тээврийн газраас Рейн мөрний чухал боомт болох Кауб хотод усны түвшнийг хэмжиж үзэхэд ердөө 8 см байсан бөгөөд тухайн шөнөдөө 6 см болж доошилжээ. Гэтэл ачааны хөлөг онгоцыг хэвийн явуулахад усны түвшин 40 см-ээс дээш байх ёстой.
Хэдэн долоо хоногийн турш ган гачиг үргэлжилсний улмаас Европ тивийн усан замын амин чухал “артерийн судас” гэгддэг Рейн мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч татраад байна. Үүнээс үүдэн ачааны хөлөг онгоцууд Каубаас өмнө зүгт гацаад байгаа ажээ. Харин Рейн мөрний арай гүнзгий хэсгүүдэд тээвэрлэлт явагдаж байна. Гэсэн хэдий ч элсэнд зоогдох эрсдэлээс сэргийлэхийн тулд хөлөг онгоцууд стандартаас 20 хувиар бага ачаа тээвэрлэж байгаа ажээ.
Үүний сацуу ачааны зарим хэсгийг төмөр зам ба авто замаар тээвэрлэж эхэлсэн байна. Германы гол мөрний тээврийн нэгдлийн захирал Йенс Шванен хэлэхдээ, усны түвшин хэт багассанаас үүдэн Рейн мөрний усан замын тээвэрлэлт бүрмөсөн зогсох магадлалтай байгаа ажээ.