Ормузын хоолойг нээхэд 48 цагийн хугацаа өгчээ

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 22 /BBC/. Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг “устгана”  гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлэв.

“Хэрэв Иран энэ мөчөөс эхлэн 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээж, заналхийллээсээ татгалзахгүй бол АНУ Ираны цахилгаан станцуудыг хамгийн томоос нь эхлэн цохилт өгч устгана!” хэмээн тэрбээр өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ.

Д.Трамп уг мэдэгдлийг гуравдугаар сарын 21-нд Гринвичийн цагаар 23:44 цагт нийтэлжээ. Энэ нь Иранд гуравдугаар сарын 23-ны 23:44 цаг (Техраны цагаар гуравдугаар сарын 24-ний 03:14 цаг) хүртэл хугацаа өгсөн гэсэн үг юм.

Тэрбээр мөн Иранд зорилгодоо хүрч чадаагүй гэж үзэж байгааг няцааж, “Бид зорилгодоо хүрсэн, бүр төлөвлөснөөс хэдэн долоо хоногийн өмнө хүрсэн. Тэдний удирдлага устгагдсан, тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчин нь бараг үгүй болсон, тэдэнд огт хамгаалалт байхгүй болсон, тэд хэлэлцээ хийхийг хүсэж байна. Харин би үгүй” хэмээн мэдэгджээ.

Гуравдугаар сарын 11-нд Ираны Зэвсэгт хүчний төв штаб болох “Хатам аль-Анбия”-гийн төлөөлөгч мэдэгдэхдээ, дэлхийн нефтийн экспортын ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор АНУ болон түүний холбоотнуудтай холбоотой хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхийг Иран зөвшөөрөхгүй гэжээ. Уг төлөөлөгч мөн Техран дайснаа буулгаж авахын тулд Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хянах зэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээ авах болно гэж гуравдугаар сарын 15-нд анхааруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн