Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 10 //. МУИС-ийн номын сан, Номын сан судлалын хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн дугуй танхимд өнөөдөр эхэллээ.
Энэхүү форум нь каталогжуулалтын олон улсын стандартын хэрэгжилт Монголын номын сангуудын каталогийг олон улсын түвшинд хуваалцах боломжийг тодорхойлох зорилгоор энэ жил “Монголын номын сангуудын каталогийг олон улсын түвшинд нээлтэй болгох боломж” сэдвээр болж байна. Уг форумыг анх зохион байгуулахдаа “Өнөөдөр ба маргааш” хэмээн нэрлэсэн нь өнөөдөр номын сангийн салбарт тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлон хэлэлцэж, тэдгээрийг ирээдүйд хэрхэн шийдвэрлэх, цаашлаад салбарын хөгжлийг дэлхийн чиг хандлага, олон улсын жишигт нийцүүлэн хэрхэн шинэ шатанд гаргах боломжийг эрэлхийлэхэд оршиж байна.
Монголын номын сангийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байна. Гэсэн хэдий ч нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжихийн зэрэгцээ хүний нөөцийн чадавх, бодлого, зохион байгуулалтын түвшинд цаашид шинэчлэл хийх шаардлага байсаар байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын Номын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж, хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд номын сангийн салбарт өрнөж буй шинэ хөгжил, өөрчлөлт, өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хууль эрх зүйн орчинд тусгахыг зорьж буйг зохион байгуулагчид онцоллоо.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Энэ удаагийн форумаар каталогжуулалтын асуудлыг онцолж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ цахим технологид шилжиж байгаа. Бид өөрсдийн номын сангийн сан хөмрөгийг цахим хэлбэрт шилжүүлж, цахим каталогийг хөгжүүлснээр дэлхийн эрдэмтэн, судлаачид Монголын эрдэмтдийн бүтээлтэй танилцах, унших, судлах, олон улсын оюуны эргэлтэд оруулах боломж бүрдэнэ ” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, Монголын аль ч сум, орон нутагт байгаа хүн цахим каталогоор дамжуулан МУИС-ийн номын санд хадгалж байгаа докторын диссертаци, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцах боломжтой болно. Энэ бол номын сангийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэх чухал алхам. Мөн Монголын түүх, соёл, нийгэм, эдийн засгийг судалж байгаа дэлхийн эрдэмтэд Монголын ном, судалгааны бүтээлүүдэд нээлттэй хандах боломжтой болох юм. Үүний зэрэгцээ манай эрдэмтэд ч гадаадын ном, судалгааны бүтээлүүдэд нээлттэй хандах боломжийг эрэлхийлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дэлхийн томоохон цахим номын сан, мэдээллийн нэгдсэн сангуудын нэгэнд Монголын номын сангуудыг өргөн хүрээнд нэгтгэн холбох асуудлыг ярьж байна. Монгол Улсад маш олон номын сан бий. Тэдгээрийн хамгийн том нь Үндэсний номын сан. Тус номын сан Монголын оюуны өв, түүхийн үнэт эх сурвалж, ном судрын сан хөмрөгийг хадгалдаг байгууллага. Нэг талаас боловсрол, шинжлэх ухааны байгууллага боловч нөгөө талаас соёлын өвийг хадгалж, хамгаалж байдаг онцгой ач холбогдолтой байгууллага” гэв.
МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн ярихдаа, “Энэ удаагийн хурлаар Монголын номын сангуудын каталог, мэдээллийн санг харилцан солилцох, ашиглах тал дээр тодорхой хэмжээнд дутмаг байгаа асуудлыг хөндөж байгаа. Нөгөө талаас хиймэл оюун, техник технологи маш хурдацтай хөгжиж байна. Тиймээс дэлхийн аль ч өнцгөөс Монголын эрдэмтэн, судлаачдын бүтээл, судалгааг харах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа. Мөн Монголын номын сангийн каталогийг олон улсын түвшинд гаргаж чадвал Монголын эрдэмтэн, судлаачид ямар бүтээл туурвиж, ямар судалгаа хийж байгааг дэлхийн хаанаас ч нэг дороос харах боломжийг нээнэ. Бусад салбарын хувьд хурал, зөвлөгөөн харьцангуй тогтмол зохион байгуулдаг. Харин номын сангийн салбарын хувьд энэ төрлийн хурал, хэлэлцүүлэг ховор байдаг. Монгол Улсад жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт Соёлын ажилтны өдөр тохиодог. Номын санчид соёлын ажилтны ангилалд багтдаг. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан жилд нэг удаа Монголын номын сангийн салбарт юу болж байгаа, цаашид ямар чиглэлээр хөгжих шаардлагатай талаар хэлэлцдэг уламжлалыг бий болгох зорилгоор уг форумыг эхлүүлсэн” гэв.
Форумд гадаад, дотоодын олон илтгэгч оролцож байгаагаас гадна нийслэл, хөдөө орон нутгийн номын сангийн төлөөлөл болох 100 гаруй хүн оролцож байна.
