Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Мейк Валью” компани хамтран нарны эрчим хүчний систем суурилуулан түрээслүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийг Монгол Улс болон Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууллагын цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Мөн Япон, Монгол Улсын Засгийн газар хоорондын “Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах хамтарсан кредит олгох механизм” (JCM)-ыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Төслийн хүрээнд 149 дүгээр сургууль өөрийн хэрэгцээнд нарны эрчим хүч ашигласнаар төвийн цахилгаан сүлжээнээс авах эрчим хүчний ачааллыг бууруулах юм. Нарны панель болон батарей хуримтлуурын системийг хослуулан суурилуулснаар төвийн цахилгаан сүлжээний оргил ачааллын үед болон цахилгааны хэлбэлзэл, тасалдал гарсан нөхцөлд сургалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломж бүрдэнэ.
Сэргээгдэх эрчим хүч ашигласнаар нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ачаалал, сургуулийн орчинд агаарт гарах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах аж. Түүнчлэн тус сургуульд суурилуулах нарны эрчим хүчний систем нь сурагч, хүүхэд, залууст сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодитоор таниулах, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, экологийн боловсрол олгох практик сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм.