Улаанбаатар //. Монгол, Японы их сургууль, судлаачдын хамтын судалгааны үр дүн, технологийн шийдлийг үйлдвэрлэл, бизнесийн бодит хэрэгцээтэй холбож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Хамтарсан судалгаа-Бизнесийн инновацын түншлэл 2026” үйл ажиллагааг зохион байгуулав.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Монголын гурван их сургуулийн судлаачид, Японы их сургуулиудын судалгааны байгууллагуудтай хамтран инженер, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж, судлаачдын ур чадвар, лаборатори, технологийн чадавх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж иржээ.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь эдгээр үр дүнг эрдэм шинжилгээний хүрээнээс үйлдвэрлэлийн хэрэглээ рүү шилжүүлэх, хамтарсан туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи дамжуулалт, судалгаа-хөгжүүлэлтийн шинэ түншлэл эхлүүлэхэд чиглэж байна. “Судалгаа, инновацыг аж үйлдвэртэй холбож, хамтарсан судалгаанаас хамтын баялаг бүтээх боломж” гэсэн үзэл санааны дор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь M-JEED төслийн хүрээнд бий болсон Монгол-Японы академик хамтын ажиллагааг судалгаа-технологи-туршилт-үйлдвэрлэлийн хэрэглээ-бизнесийн түншлэл гэсэн дараагийн шатанд гаргах зорилготой юм.

Хамтарсан судалгааны багууд зургаан танхимд нэгэн зэрэг салбар хуралдаан зохион байгуулж, судалгааны үр дүн, технологийн шийдэл, цаашид үйлдвэрлэлд ашиглах боломжоо танилцууллаа. Үүнд:

• Биотехнологи-Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхт нэгдэл ба ашигт ген, Монгол малын генетик чадавх, Сибирь шинэсийг биотехнологийн аргаар олшруулах, мөөгөнцрийн биобэлдмэл, хүний тогтвортой хөгжлийг дэмжих биоинженерчлэл

• Шинэ дэвшилтэт материал-нано материал ба хэрэглээ, шинэ материалын дэвшилтэт технологи, үнсийг барилгын материалд ашиглах ногоон технологи; ноос, ноолууран ширхэгтээс шинэ төрлийн материал гарган авах судалгаа

• Хүрээлэн буй орчин-Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, Туул, Хараа голын ай савын бохирдлын хяналт, эрдэс баялгийн суурь судалгаа, хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэл

• Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч-сэргээгдэх, нарны эрчим хүчний технологи, Монгол орны залуу хүрэн нүүрсийг цэвэр, үр ашигтай ашиглах технологи, эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци, чадлын электроник ба үйлдвэрийн автоматжуулалт

• Дижитал технологи-дижитал технологид суурилсан судалгаа, хөгжүүлэлт; цогц процессын загварчлал, оновчлол, симуляци; сансрын инженерчлэл; агаар, сансрын механик инженерчлэл, логистик болон хүрээлэн буй орчны хяналт, шинжилгээний шийдэл.

• Хөдөө аж ахуй ба хүнсний технологи-уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сорт; хүнсний бүтээгдэхүүн хатаах арга; ойн биомасс ба нутгийн иргэдийн амьжиргаа; хөдөө аж ахуйн дроны хэрэглээ; хушны самрын ясаар хөрс, ус цэвэршүүлэх нано-био шингээгч материал; хөрсний органик нүүрстөрөгч, бохирдлын загварчлал.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн